НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас манай улсын малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын судалгааны үр дүнг өчигдөр танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумаас төлөөлүүлэн 10 023 өрхийг хамруулжээ. Эрсдэл даах чадварын дундаж түвшнийг 40.45 гэсэн индексээр үнэлсэн байна. Тэгвэл нийт өрхийн 57 хувийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур, дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадварын индекс 70-аас дээш, харин 20 хувь нь 20-оос доош буюу маш бага гэсэн үнэлгээ авчээ. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн амьжиргаанд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн хүндээр нөлөөлсөн үе нь коронавирусийн тархалтын (судалгааны өгөгдлийг 2021 оны 4-5 дугаар сард цуглуулсан) үе байсан аж. Дараа нь ган, зудтай жилд бэрхшээл тулгарсныг дурдсан бөгөөд эдгээрээс үүдэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнэ 37.2 хувиар өссөн гэжээ. Зудын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийт өрхийн 45 хувь нь банкнаас зээл авсан бол 34 хувь нь зарим малаа зарсан, 17.7 хувь нь бог малын нийлүүлгийг хязгаарласан, 16.6 хувь нь бэлчээрийн нөөцтэй бүс нутагт отор хийсэн гэдгээ илэрхийлсэн байна.