“Хүчит шонхор”, “Дэнжийн 1000” худалдааны төвд өчигдрийн байдлаар үхрийн ястай мах кг нь дунджаар 19 000, цул нь 20 000 төгрөгийн үнэтэй байсан бол хонины ястай махыг 14 500, цулыг нь 15 000-аар борлуулж байв. Энэ нь эдгээр худалдааны төвд борлуулж буй үхрийн махны үнэ сүүлийн зургаан сард кг тутамдаа 7000-8000, хониных нь 4000-5000 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Харин “Алтжин бөмбөгөр”, Баянгол дүүргийн XIX хороонд байрлалтай “Таван-Эрдэнэ” худалдааны төвд өчигдөр үхрийн цул махыг 22 000-23 000, ястайг нь 21 000, хонины ястай махыг 17 000-18 000 төгрөгөөр борлуулж байлаа. Махны үнийн талаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн нэгэн борлуулагч “Бид өглөө бүр “Хүчит шонхор”-оос мах бөөндөж авдаг бөгөөд кг тутамд нь тодорхой хэмжээний төгрөг нэмж борлуулдаг. Махны нийлүүлэлт бага учраас бөөний үнэ өндөр, улмаар жижиглэнгийнх нь нэмэгдээд байгаа хэрэг” гэв. Харин малчдаас үхрийн махыг кг-ыг нь 13 000-15 500, хониныхыг 11 000-13 000 төгрөгөөр бөөнд нь худалдан авч буйг ХХААХҮЯ-ны дэргэдэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний мэдээллийн “Малчин лавлах-109”-д дурджээ.