Завхан аймгийн Их-Уул сумын мянгат малчин айлд зочлох завшаан тохиов. Өрхийн тэргүүнийг Ч.Мягмарсүрэн, эзэгтэйг П.Бадамгарав гэдэг. 1992 онд гал голомтоо бадраасан тэд өдгөө таван хүүгийн аав, ээж болжээ. Тэднийх хөдөлмөрч айл болох нь хоттой хонь, аж ахуйгаас нь илт харагдана. Хажуу, саахалтдаа ээлтэй хос хэмээн нутгийн олон тэднийг магтдаг юм билээ. Ч.Мягмарсүрэн, П.Бадамгарав нар улсын аварга малчин хэмээх хүндтэй шагналын эзэн болж, айл хотныхон, ах, дүүгээ урин залж, баяраа хуваалцаж байхтай нь таарч ярилцсанаа хүргэе.
-Сайхан хаваржиж байна уу, байгалийн үзэсгэлэн бүрдсэн, нөмөртэй сайхан газарт танайх нутаглаж буй юм байна. Өнгөрсөн өвөл, хаврыг өнтэй давав уу?
Ч.М: -Манайх Их-Уул сумын Зарт багийн өрх. Энэ сайхан газар нутагтаа олон жил аж төрж байгаа. Өвлийг өнтэй давж, сайхан хаваржлаа. Энэ жил малаа бүрэн бүтэн онд оруулж, төллүүлсэн. Гэхдээ хавар удаан үргэлжилж, хүнд бэрх өдрүүдийг ардаа арайхийн үлдээгээд, дөнгөж л амьсгаа аваад сууж байна.
-Хэдэн оноос мал маллаж байна вэ?
-Би 1970 онд төрсөн. 1985 онд дунд сургуулиа төгссөнөөсөө хойш тасралтгүй 38 жил мал маллаж, ашиг шимийг нь хүртэж явна. Дунд нь цэргийн алба хааж, хоёр жил завсарласан. Бусад үед нь ханийнхаа хамт малаасаа хөндийрсөнгүй өдий хүрлээ дээ. 2015 онд сумын, 2017 онд аймгийн сайн малчин болж байлаа. Энэ жил улсын аварга малчин болсондоо баяртай байна.
П.Б: -Бид 1992 онд гэр бүл болсон юм. Түүнээс хойш ханийнхаа түшиг тулгуур болж, хэдэн малаа маллаад өдий зэрэгтэй сайхан аж төрж байгаа. Улсын аварга малчин болсондоо баяртай байна. Зун малынхаа сааль сүүг авч, өвөл нөхрөө дагаад оторт явдаг.
-Оторт хэдий хугацаагаар, голчлон хаашаа явдаг вэ?
Ч.М: -Жил бүр отор, нүүдэл хийдэг. Том хоёр хүү минь гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Бага гурван хүүхэд сургуулиа хараахан төгсөөгүй байна. Том хүү минь эндээ суурин байж, үлдсэн малаа хардаг юм. Нөгөө нь оторт хамт явдаг. Ер нь нутгийн дүү нартайгаа нийлээд л оторт явна. Арваннэгдүгээр сард Архангай аймгийн Цахир сумд оторлодог. Цаашлаад Баянхонгор аймгийн Гурванбулаг сумд очоод, дөрөвдүгээр сар гарахаар буцаж ирдэг дээ. Өнгөрсөн жил наймдугаар сард оторт яваад, гуравдугаар сард ирсэн. Өнөө жил Зартынхаа салаанд өвөлжлөө.
П.Б: -Миний хувьд нөхрөө дагаж, оторт жил бүр явдаг. Хавар гуравдугаар сар гарч, мал төллөх цагаар түрүүлж нутагтаа ирдэг юм. Нутагтаа ирээд нэг хүүтэйгээ хамт малаа төллүүлдэг дээ. Малаа хоёр хувааж, хургалах хонинуудаа үлдээн, эр болон сувай голдуу хонио аваад явдаг. Ерөнхийдөө 1000 гаруй малтай оторт гардаг юм. Нэг газраас нөгөө рүү нүүхдээ 14 хонодог.
-Отор, нүүдлээ хэрхэн хийдэг вэ. Өөр аймаг, сумд очиход хүндрэл гардаг уу?
Ч.М: -Оторт явахдаа автомашин хэрэглэдэггүй. Шар үхрүүдээ хөллөөд л явдаг даа. 10 гаруй шартай гардаг. Нэг өдөр нь зургаан шар, дараагийн удаа зургаад нь гэрээ ачаад, солбиод л нүүдэллэдэг. 1986 оноос хойш оторт явж байна. Очсон газрынхан минь хөөж, гадуурхсан нь үгүй. Харин ч найрсаг угтдаг. Газар нутгаа харамласан элдэв маргаан гардаггүй.
-Мал төллүүлэх том ажлынхаа ард гарчихсан налайж суухыг харах сайхан байна. Энэ жил их хатуу ширүүн хавар боллоо, зуд турхантай байлаа гэж нутгийн олон
ярьж байна. Энэ жил Завханы цөөнгүй сум зудад нэрвэгджээ. Бас их хүйтэн болсон шүү дээ.
-Дандаа муу, эсвэл сайхан байна гэж юу байх вэ. Зарим жил тэнгэр хангай тогтуун сайхан хавар болно. Бид ч аажуу тайвуу малаа төллүүлнэ. Харин тэнгэр хангай хатуу байвал их ядардаг. Тэр хэрээр 45 хоног орчим хувцсаа тайлахгүй шахам ажиллана. Одоо бол бүх малаа төллүүлчихсэн. Төлийн хорогдолгүйгээр хаврыг давлаа. Энэ хавар хатуу, урт, салхи ихтэй, хүйтэн байлаа. Уг нь манайх дөрөвдүгээр сарын 15 гэхэд хаваржаандаа буучихдаг юм. Гэтэл өнөө жил тавдугаар сар гарчихаад байхад нүүж амжаагүй л байна. Энэ жил хүйтэн, газрын гарц сайнгүй учир шүдлэн, зусаг хониндоо хуц тавьсангүй. Тиймээс 200 гаруй төл авсан.
-Ер нь малынхаа ашиг шимээс жилд дунджаар хэчнээн төгрөгийн цэвэр ашиг олдог вэ?
-Хавар ямаагаа самнана. Идэшний үеэр арьс, ширээ тушаана, сүү, цагаан идээ, махаа борлуулна гээд 15 орчим сая төгрөгийн орлого олдог. Зун хүүхдүүд амарчихдаг болохоор 1000 гаруй хонио 14 хоногт хяргаад дуусчихна. 800 гаруй кг ноос тушаадаг.
-Малын хашаа саравч, хураасан мод, гэр орны тань байдлыг харахад байгальтайгаа зохицоод ихэд үзэсгэлэнтэй харагдлаа. Энэ бүгдийг бүтээхэд нэлээд хөдөлмөр, ур ухаан шаардсан байх даа?
-Өвөлжөө, хаваржаа маань тохитой. Мэдээж энэ бүгдийг босгоход хөдөлмөр их орно. Арчилж, тордохоос эхлээд зүтгэл их шаарддаг. Жил бүр засаж сэлбэнэ, хөрзөнгөө авна. Нүүхдээ сайн цэвэрлэж янзална. Хойтон намар нь ирэхэд цэмбийж байна шүү дээ.
-Малаа тэжээх хадлан бэлддэг үү. Эсвэл худалдаж авдаг уу?
-Хадлангаа байнга гараар бэлддэг. Эндээс холгүй Зартын салаагаас хадлан авчихдаг даа. Гурван тонн өвс бол өөрсдөө бэлдчихнэ. Өнгөрсөн жил газрын гарц жаахан муу байлаа. Манайд тэмээнээс бусад мал бий. Бог мал дийлэнх. Бод нь цөөн талдаа.
-Морь уядаг уу?
-1990-ээд оноос хойш хэсэг хугацаанд морь уясан. Гол зорилго минь өв соёлоо түгээн дэлгэрүүлэх сонирхолтой. Сүүлийн 2-3 жил морь уясангүй.
-Малаа мориор хариулах уу, мотоциклоор дагадаг уу. Сүүлийн жилүүдэд малчид малаа мотоциклоор хариулж байна гэх шүүмжлэл гарах болсон.
-Байнга мориор хариулалгүй яах вэ. Уул хадтай газар нутагт мотоцикл унана гэсэн ойлголт байхгүй.
-Залуус малчдад хандаж юу хэлэх вэ?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Хөдөлмөрлөж л чадвал сайхан амьдрах бүх боломж хөдөөд бий. Хэн ажиллаж, хөдөлмөрлөж чадсан хүн сайхан амь зууна. Монголчууд эртнээсээ мал дагавал ам тосодно гэж ярьж ирсэн шүү дээ.