Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин татах олон арга хэмжээ төлөвлөж байгаагийн нэг “К-ПОП фестиваль” -ийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Монгол Солонгос хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “К Поп фестиваль”-ийг Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй уялдуулж зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангуулж байна.
Зохион байгуулалтын ажлын хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллаж “К Поп фестиваль”-ийг зохион байгуулах газрын асуудлыг сонгох, бүтээн байгуулалтыг төлөвлөх, тоглолтын өдөр тогтох асуудлыг хэлэлцлээ.
Олон улсын соёл, аялал жуулчлалын арга хэмжээг тогтмол хийх боломжтой бүтээн байгуулалт бүхий газрын асуудлыг Төв аймгийн Эрдэнэ сумын Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэртэй уялдуулан сонгож, зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын яам шийдвэрлэхээр санал солилцлоо.