Дэлхийн улс орнууд "Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц"-ийг 1992 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлан жил бүрийн энэ өдрийг "Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болсон. Өнөөдөр Монгол Улс уг конвенцид албан ёсоор нэгдсэн орсны 30 жилийн ой тохиож байна. 2023 оны Олон улсын Биологийн олон янз байдлын өдрийг “Хэлцлээс Хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийг угтаж БОАЖЯ-ны зүгээс Монгол орныхоо Биологийн олон янз байдал, түүний онцлог, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах талаар байгалийн баялаг ашиглагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар зохистой ашиглах ирээдүйн нөөцийг бий болгож, эерэг хандлагыг иргэн бүрт хэвшүүлэх зорилгоор тавдугаар сарын 16-19-ны өдрүүдэд дөрвөн салбар хуралдааныг “Биологийн олон янз байдал ба ургамал”, “Биологийн олон янз байдал ба амьтан”, “Биологийн олон янз байдал, Генетик нөөц ба биоаюулгүй байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм” сэдвийн дор салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын хандивлагч байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар онцлон хэлэлцсэн.
Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.4ºС-аар нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем, биологийн олон янз байдалд төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад сөргөөр нөлөөлж, ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн эрч, давтамж улам бүр нэмэгдэж байгаа нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авахыг сануулж байна.
Дэлхийн хэмжээнд жил бүр биологийн олон янз байдлыг хамгаалахад 143 тэрбум доллар (17.6%) зарцуулж байгаа хэдий ч энэ нь шаардлагатай нийт санхүүжилт болох 824 тэрбум доллартай харьцуулахад хангалтгүй тоо байна. Манай орны хувьд байгаль хамгаалах нийт зардлын 44.4% нь улсын төсвөөс, үлдсэн 55.6% нь олон улсын хандив, тусламжаас бүрдэж байна. Тухайлбал, 2008-2018 оны хугацаанд Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн 0.35-0.79% буюу ДНБ-ий 0.15-0.25% байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос хуулийн дагуу хамгийн багадаа 15-85%-ийг тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой боловч улсын хэмжээнд бас л хангалтгүй хэвээр байна. Иймд бид одоо л дээрх асуудлыг чухалчлан хэлэлцэж, хамтаараа нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол Биологийн олон янз байдлын хомсдол Монгол оронд нүүрлээд байна гэдгийг анхаарууштай.
Иймээс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал болон дөрвөн салбар хуралдаанаас гарсан зөвлөмжийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгаж, эх орныхоо биологийн төрөл зүйл, түүний бүрэлдэхүүн хэсгийн алдагдлыг зогсоох, ирээдүйн ашиглалтын нөөцийг бий болгоход олон талт, идэвхтэй хамтын оролцоог хангаж, олон нийтэд түгээхэд чиглэсэн болно.