Хойд хөршийн ард түмэн Төрийн Думын зургаа дахь бүрэлдэхүүнийг анх удаа таван жилийн хугацаатайгаар сонгох сонгуульд оролцлоо. Өнгөрсөн ням гаригт орон даяар 96 мянган сонгуулийн хэсэг ажиллажээ. Үүнээс гадна хилийн чанадад амьдарч буй оросуудын саналыг авах 369 хэсэг ажилласан байна. Энэ удаагийн сонгуульд бүртгэлтэй улс төрийн бүх нам оролцсон нь онцлох явдал хэмээн ажиглагчид өгүүлж буй. Төрийн Думын гишүүдийг пропорциональ тогтолцоогоор сонгож байгаа бөгөөд намууд нэг эсвэл хоёр депутатын суудал авахын тулд 5-6 хувийн босго давсан байх ёстой аж. Сонгуульд Парламентад суудалтай Нэгдсэн Орос нам, Коммунист нам, Либераль ардчилсан нам, Шударга Орос намаас гадна Яблоко, Зөв үйл хэрэг, Оросын эх орончид нам оролцсон байна.
ЧУКОТКООС КАЛИНИНГРАД ХҮРТЭЛ
Оросын нийслэл Москвад шөнө болж байхад Чукотк, Камчатк, Магаданд санал хураах хэсгүүд нээгджээ. Алслагдсан, дэд бүтэц муу, бөглүү хот тосгон, суурингийн иргэд долоо хоногийн өмнөөс урьдчилан саналаа өгсөн аж. Сургууль, эмнэлэг, онгоцны буудал, төмөр замын вокзалаас гадна энэ удаа худалдааны төвүүд, сүмд ч санал хураах хэсэг ажиллаж байгаа гэнэ. Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан саналыг хураах хэсэг ч гаргасан байна. Санал хураалтыг Оросын 500.000, гадаадын 700 гаруй ажиглагч хянажээ. Мөн ОХУ-ын 2000 гаруй сэтгүүлч, гадаадын 30 гаруй орны хэвлэл мэдээллийнхэн ирж сонгуулийн явцыг сурвалжлав. Сонгуулийн үеэр хууль хяналтын байгууллагын 51.5 мянган ажилтан иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулжээ.
КРЕМЛЬ РҮҮ МЭДЭЭЖ ДАЙРАХГҮЙ...
Төрийн Думын сонгууль эхлэхээс хэд хоногийн өмнө улс төрийн хүчнүүд, намын дэмжигчид Москвагийн хэд хэдэн талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ. Зүүний фронт, Агуу Орос, Өөр Орос нам тэргүүтэй сөрөг хүчнийхэн Улаан талбай, Триумфальный, Манежный, Хувьсгалын талбайд энэ сарын 4-6-ны хооронд жагсах гэнэ. Түүнчлэн Нэгдсэн Оросын залуучуудын байгууллага “Наши”цуглаан зохион байгуулах аж. “Наши” хөдөлгөөнийхний зохион байгуулж буй эл цуглаан сөрөг хүчнийхнээс талбайг хамгаалах гэсэн оролдлого хэмээн ажиглагчид онцолжээ. Сөрөг хүчнийхний зохион байгуулах гэж буй жагсаал, цуглаан зөвшөөрөлгүй, хууль бус, тийм ч учраас цагдаа нар жагсагчдыг хүчээр тарааж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. “Энэ бол ард түмэнд эрх чөлөөг олгох, нэг намын тогтоосон дэглэмээс ангижрах цаг болсон гэдгийг сануулах гэсэн жагсаал. Бидэнд Кремль рүү дайрах, талбайд майхан барьж суух төлөвлөгөө одоохондоо алга” хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгджээ.
“THE GUARDIAN”: НЭГДСЭН ОРОСЫН ХҮЧ СУЛАРЧ БАЙНА
Оросын Төрийн Думын сонгууль гадаадын хэвлэлүүдийн онцлох сэдвүүдийн нэг боллоо. Их Британийн “The Guardian” сонины сурвалжлагч Мириам Элдер “Оросын эрх баригч Нэгдсэн Орос намын нэр хүнд өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал эрс буурчээ. Тэднийг ард түмэн дөрвөн жилийн өмнөх шигээ дэмжихгүй” хэмээн онцолжээ. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар энэ сонгуульд Нэгдсэн Орос нам 40 орчим хувийн санал авч магадгүй гэнэ. Гэтэл 2007 оны сонгуульд тус нам 64 хувийн санал авч байсан юм. Үүний зэрэгцээ эрх баригчид, мужийн захирагч нар сонгогчдыг ил, далд хэлбэрээр айлган сүрдүүлэх тохиолдол гарч байна хэмээн эх сурвалжид бичсэн байна. “Өнгөрсөн сард Оросын Ерөнхий сайд В.Путин “Олимпийский” спорт цогцолборт үг хэлэх үеэр хүмүүс түүнийг таагүй угтаж байсан нь ч үүний нэг жишээ. 12 жил төрийн эрх барина гэдэг өнөөгийн нийгэмд хэтэрхий урт хугацаа гэдгийг Оросын эрх баригчид ойлгох цаг болсон” хэмээн “Financial Times”-д өгүүлжээ.