Улсын хэмжээнд өнгөрсөн жил 580 000 гаруй га талбайд тариалалт хийсэн. Тэгвэл энэ хавар ойролцоогоор 560 000 га-д тариалалт хийн, талбайн хэмжээ 20 000 орчим га-гаар багаслаа. Тодруулбал, 393 000 га талбайд үр тариа, үүнээс 369 мянган га-д нь улаан буудай, тэжээл болон тосны ургамал 136 000, төмс, хүнсний ногоо 32 000 орчимд нь тарихаар зорин ажлаа эхлүүллээ. Уг нь манай улс жил ирэх бүр тариалангийн талбайн хэмжээг ахиулж, таримлын нэр, төрлийг олшруулах зорилт тавьж буй. Ялангуяа 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” хэмээн зарлан, газар тариалангийн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, иргэдэд өгөх зээлийн хэмжээг ч өсгөсөн. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөр хэрэгжүүлж, импортын хүнсний хамаарлыг бууруулж, хүнсээ дотоодоос хангах хөрсийг бэхжүүлэх учиртай. Гэтэл тариалангийн талбайн хэмжээ багассан, мөн улаан буудайн тариалалт сүүлийн найман жил дараалан ийнхүү буурчээ. Энэ талаар ХХААХҮЯ-наас тодрууллаа. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Тариалангийн газрыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ирүүлж буй тоо хэмжээнд үндэслэн тооцдог. Аж ахуйн нэгжүүд жил бүр хаана, хэдэн га талбайд ямар бүтээгдэхүүн тарихаа шийддэг учраас талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд төрөөс оролцох боломжгүй гэсэн үг” хэмээв.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 78 орчим хувь цөлжсөн, тариалангийн талбайн дийлэнхийнх нь хөрсний шим алдагдсан талаар мэргэжилтнүүд ярьдаг. Хөрсний шим улам бүр алдагдаж буйгаас атар газрыг эргэлтэд оруулж, тариалангийн шинэ бүс байгуулах талаар сүүлийн хэдэн жил мэргэжилтнүүд, салбарын яамнаас дурдсан. Орон нутагт голын ай сав, үржил шим бүхий хэсэгт тариалан эрхлэх газар бий болгоно гэсэн. Үүнд сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцон, санал болгох хэсгийг аймагтаа, аймаг нь салбарын яаманд мэдүүлж, Засгийн газрын шийдвэр гаргуулна гэсэн ч амжилт олсонгүй удлаа. Одоогоор Дархан-Уул аймгаас л бага хэмжээтэй атар газар эзэмшиж болох тухай мэдээ ирүүлснийг Д.Есөн-Эрдэнэ дурдав.
Газар тариалангийн салбарынхан “Хавар нэг өдөр алдах нь намар 10 өдөр алдахтай тэнцэнэ” хэмээн ярьдаг. Энэ нь хаварт хөрөнгө, хүчээ базаан байж, зөв цагтаа газраа хагалж, үрлэгээ хийхийг хэлж байгаа хэрэг. Хавар нэг л өдөр хожимдуулж ажлаа эхлүүлбэл төдий чинээ эрсдэл гарах магадлал үүсдэг. Гэтэл ажил нь эхлэх болчихоод байхад санхүүжилт нь бүрддэггүй бэрхшээл байнга тулгарч буйг хэлэх хүн олон байна. Энэ жилийн хувьд зөвхөн үр тариа, тос, тэжээлийн ургамал, төмс тариалагчдад гэхэд 90 тэрбум төгрөгийн зээлийг 24 хүртэлх сарын хугацаатай олгох болсон. Тэгвэл уг зээлийг олгох ажил удаашралтай, мөн зээлийн шалгуур хангахгүй аж ахуйн нэгж, иргэн олон байна гэв. Зээл олголт удаан байгаагийн нэг шалтгаан нь арилжааны банкууд тариаланчдад шуурхай хүрч үйлчилж чадахгүй, зээлийн судалгаанд цаг их зарцуулж буй аж. Тиймээс олон аж ахуйн нэгж зээлээ хүлээж байгаа бөгөөд цөөнгүй нь ББСБ-аас өндөр хүүтэйг авч ажлаа эхлүүлсэн гэнэ. Мөн Монголбанкны Зээлийн мэдээллийн санд тариалан эрхлэгч 10 000 орчим иргэн, аж ахуйн нэгж найдваргүй зээлдэгчээр бүртгэгдэн, зээл авах эрх нь хаагджээ.
Тэд бол ТЭДС-гаас үр, бордоо авч, түүнийгээ бүтээгдэхүүнээрээ төлөх гэрээ хийсэн, олон жилийн өр, авлагатай, хамтын ажиллагаатай иргэн, аж ахуйн нэгж юм байна. Энэ тухайд Монголын тариаланчдын үндэсний холбооны (МТҮХ) гүйцэтгэх захирал Б.Өнөржаргал “Газар тариалангийн салбарт төлөвлөсөн зээл, тусламжийг жил бүрийн гуравдугаар сарын эхний 10 хоногт олгож хэвших нь зүйтэй. Хаврын тариалалт эхэлчихээд байхад санхүүжилт хайсан компани олон байна. Ер нь тариалангийн компаниуд хөдлөх хөрөнгө олонтой, үл хөдлөх нь бага байдаг. Гэтэл арилжааны банкууд үл хөдлөх хөрөнгө шаарддаг учраас зээлийн шалгуур хангахад хэцүү. Зүй нь олон жил тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн газрыг барьцаалж, үйл ажиллагааны түүх, бүтээмж зэрэгт нь үндэслэн зээл олгодог бол хаана хаанаа амар байх болов уу. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхлүүлсэнд тариаланчид талархан хүлээн авсан. Хүнс үйлдвэрлэлийн хөрс, гол цөм нь газар тариалангийн бүтээгдэхүүн учраас тариалангийн салбарыг эн тэргүүнд анхаарч, улмаар хүнсний хангамжийг сайжруулах байх гэж харзнаж буй. Гэтэл хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, нэгдмэл ойлголтгүй, өнгөрсөн жилүүдийнхээс ялгаагүйгээр л энэ хаврын тариалалт эхэллээ” хэмээн ярив. МТҮХ-ноос 300 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан, энэ хаврын тариалалтыг эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч буй талаар санал асуухад нэгдүгээрт, Зээлийн мэдээллийн сангийн найдваргүй зээлдэгч болсон, хоёрдугаарт, барьцаа хөрөнгийн шаардлага хангаж чадсангүй, удаах нь авсан зээл зардалдаа хүрэлцэхгүй нь хэмээн гурван томоохон шалтгаан хэлжээ.
Үүнээс гадна улаан буудай импортлон, дотоодын тариаланчдын орлогыг хаадаг, будааны чанарын нэгдсэн стандарт байхгүй зэрэг бэрхшээл бий аж. Тодруулбал, гурилын үйлдвэрүүд өөрсдийн стандартыг бий болгон, улаан буудайг дөрөв ангилан, ялгаатай үнээр худалдан авдаг гэсэн. Үүнтэй холбоотойгоор буудайн чанар муу гэсэн шалтгаанаар импортынхыг оруулж ирэх, намарт аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байх, эсвэл хямд үнээр нийлүүлэхээс өөр сонголтгүй болдог юм байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн захирал “Өнгөрсөн намар манай компани тонн улаан буудайгаа дунджаар 400 000 төгрөгөөр нийлүүлсэн. Нэг сая төгрөгөөр борлуулна гэж найдаад өөрсдийн зардлаар тээвэрлээд очиход голж, шилсээр, зардлаа хасаад 400 000-д 200 орчим тонныг өгсөн. Гурилын үйлдвэрүүд олигтой тайлбар хэлэхгүй, манай стандартыг хангасангүй л гэдэг. Уг нь улсын хэмжээнд улаан буудайн стандртыг тогтоон, ургац хураалтын үеэр шалган, баталгаажуулах хэрэгтэй. Гурилын үйлдвэр, тариалан эрхлэгчид нэгдсэн стандарт мөрдмөөр байна. Мөн жил бүр импортоор тогтмол будаа оруулж ирдгээс дотоодод улаан буудай тарих сонирхол буурсан. Бас дотоодын хэрэгцээнээс илүү гарсныг нь экспортолно гэж ярьсаар хэчнээн ч жил өнгөрөв. Эдгээр шалтгааны улмаас улаан буудай тариалах аж ахуйн нэгж жил ирэх бүр цөөрөх магадлалтай бөгөөд энэ нь хүнсний аюулгүй байдлыг хангахад хамгийн том саад болно” гэж халаглан өгүүлэв. Энэ жилийн хувьд ч ОХУ-аас 50 000 тонн улаан буудай импортлохоо ХХААХҮ-ийн сайд өнгөрсөн сард болсон “Тариалангийн сэргэлт” чуулганы үеэр дурдсан. Импортын улаан буудай нь дотоодын тариаланчдын борлуулалтад сөргөөр нөлөөлөхгүй, шинэ ургац гартал гурилын үйлдвэрүүдийн нөөцийг таслахгүй байх зорилготой хэмээн тайлбарлаад өнгөрсөн билээ.
Хөрсний шимийг сайжруулах, тариалангийн газрыг олон жил тогтвортой, өгөөжтэй ашиглахын тулд бордох нь хамгийн чухал. Улсын хэмжээнд дунджаар жил бүр 450 мянган га талбайг тариалангийн зориулалтаар ашигладаг гэвэл га тутамд нь 50-60 кг бордоо зарцуулах шаардлагатай. Өдгөө дотоодод 10 орчим аж ахуйн нэгж бордоо үйлдвэрлэн, хэрэгцээнийхээ 30 хүрэхгүй хувийг л нийлүүлдэг гэсэн судалгаа бий. Эрэлт их, нийлүүлэлт бага учраас бордооны үнэ ч өндөр. Энэ жилийн байдлаар тонн импортын бордоо 2.6-2.8 сая төгрөгийн ханштай байгаа юм. Тиймээс дотооддоо бордоо үйлдвэрлэх, манайд элбэг байдаг малын бууц, шувууны фермүүдийн сангас зэргээс хямд бордоо бэлтгэх талаар анхаарах хэрэгтэй. Хэрэв бордооны хангамжийг сайжруулж, үнийг нь хэт өсгөхгүй байлгаж хэвшвэл хөрсөө тордон, тариаланчдаас гарах зардлыг бууруулж, ургацын хэмжээг өсгөх нэг нөхцөл бүрдэнэ гэсэн үг.