Мазаалайг 18 жил судалж буй "Gobi bear" төслийн удирдагч Харри Рейнолдстой ярилцлаа. Тэрбээр энэ удаа мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүхээр Монголд иржээ.
-“Gobi bear” төслийнхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-т 23 хоног байрлаж, мазаалайг судалсан. Энэ удаа хэдэн баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж чадсан бэ?
-Монголын говь, цөлийн асар уудам газарт цөөн мазаалай амьдардаг тул тэднийг барих маш хэцүү. Бидний аз таарч, нэг “царайлаг” баавгай барьж чадсан. Энэ удаа 160 кг орчим жинтэй, өмнө нь барьж байсан баавгай таарлаа.
...Мазаалайд ч бас бэлчээр хэрэгтэйг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэнцвэрт байдлыг нь хангаж чадвал мазаалайн тархалт, идэш тэжээлийн олдоц нэмэгдэж, тоо толгой өсөх боломжтой. Мазаалай бол дэлхийн нэн ховор амьтдын нэг. Нэн ховор амьтны тоо толгой цөөрвөл устах аюул улам нэмэгдэнэ. Тиймээс тоо толгойг нь бууруулахгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хүн төрөлхтөн зарим зүйл дээр буулт хийж, зэрлэг амьтдын амьдрах орчныг тайван орхих ёстой...
-Та 2005 онд Дэлхийн баавгай хамгаалах сангийн ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгөхдөө “Би энэ амьдралаа дуустал Монголын мазаалайг судлах болно” гэж хэлсэн. Энэ амьтныг судлах болсон шалтгаан тань юу байв?
-Монгол Улсын Засгийн газраас 2004 онд мазаалайн тоо толгой, цус ойртолт зэрэг асуудалд санаа зовж буйгаа илэрхийлж, Дэлхийн баавгай хамгаалах санд судалгаа хийх санал тавьсан юм. Бид мазаалайд туслахыг хүссэн олон улсын хэд хэдэн судлаачтай хамтарч, популяц, тархалтын судалгааг 2005 онд эхлүүлсэн. Энэ хугацаанд бид жил бүрийн хавар, намар Монголд ирж, нийт 37 удаагийн судалгаагаар, давхардаагүй тоогоор 19 мазаалай барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Давхардсан тоогоор бол 28 мазаалай барьсан. Учир нь нэг баавгай 2-3 удаа баригдах тохиолдол бий. Мазаалай бол хатуу ширүүн уур амьсгалтай газар амьдардаг, маш хатуужилтай амьтан. 1970-1990 онд говьд мазаалайн тархалт 15 хувиар багассан хэмээн тухайн үеийн ГИДЦГ-ын дарга, мэргэжилтнүүд тооцоолсон байдаг. Байгаль, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр жил ирэх тусам тэдний амьдрах орчин хумигдаж буй нь үнэн. Газар нутаг нь хумигдвал тоо толгой нь дагаад буурна. Цөлжилт ихсэж, тэдний идэш тэжээл нь хомсдож буйд би хамгийн их санаа зовж байна. Тиймээс баавгайн популяцын тархалтыг нэмэх арга замыг судалж, мэдэх хэрэгтэй.
-Мазаалайн тоо толгойг 50-иас дээш болсон гэх мэдээлэл бий. Хамгийн сүүлд тоо толгойг нь хэд гэж тогтоосон бэ?
-Мазаалай баавгайн тоо толгойг үсний судалгаанд үндэслэн тогтоодог. Учир нь баавгайн үс хүнийхтэй адил гений мэдээллээ агуулдаг. Тиймээс бид тэжээлийн цэгээс мазаалайн үсийг цуглуулаад, эцэг, эх, хамаатан садныг нь судалж, мөн тоо толгой нь өсөж үү, буурч байна уу гэдгийг мэддэг. Хамгийн сүүлд генетикийн судалгаагаар мазаалайн тоо 30 орчим гэж тогтоосон. Эрэгчин (шармаахай) нь эмэгчнээсээ (эвш) олон байна. Уг нь эмэгчин нь эрэгчнээсээ олон байж, үр төлөө гаргавал тоо толгой нь өснө шүү дээ. Гэхдээ нас бие гүйцсэн эрэгчин баавгай бамбарууш алдаг догшин араншинтай учир эвш алманцгаа хамгаалахын тулд тэжээлийн цэгт очдоггүй байх магадлалтай. Мөн эрэгчин мазаалай идэш тэжээлээ харамлаж, эмэгчнээ айлгаж, тэжээлийн цэгт ойртуулдаггүй тул тэжээлийн цэгээс ихэвчлэн шармаахайн үс олддог байх магадлалтай.
-Үсний гений мэдээллээр юу юуг судалж болдог бол?
-Баавгай юу иддэгийг мэдэх боломжтой. Мөн бид говийн баавгайн идэш тэжээлийг судлахын тулд ялгадсыг нь ашигладаг. Ингэснээр өдөр тутмын хооллолтоос биед нь аюултай шимэгч хорхой, халдварт өвчин байгаа, эсэхийг давхар тогтооно. Үүний зэрэгцээ тэдний юу иддэгийг олж мэдээд, ямар аминдэм дутагдаж байгааг нь судалж буй. Судлаач Г.Дэлгэрчимэг, А.Баясгалан нар докторын зэрэг хамгаалахаар мазаалайн идэш тэжээл, амьдрах орчныг судалж байна. Тэдний судалгааны ажлыг мазаалайн амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэхэд ашиглаж болно. Бусад зүйлийн баавгай нь жирх, буга, хандгай зэрэг махан идэштэй. Гэтэл мазаалай тийм биш. Яг л таван хошуу мал шиг өвсөн тэжээлтэн. Тэдний хамгийн дуртай хоол нь бажууны үндэс. Мазаалай бажууны үндэс идэхийн тулд хатуу, чулуурхаг хөрсийг малтдаг. Тиймээс тэдний шүд, сарвуу нь1-2 настайгаасаа л элэгддэг. Зарим залуу баавгайн шүд 22, 23 настай хөгшин хүрэн баавгайнх шиг муудсан байдаг.
-Мазаалай 30 орчим үлдсэн юм чинь, цус ойртсон байх магадлалтай гэсэн үг үү?
-Одоогоор цус ойртсон асуудал анзаарагдаагүй. Хятадын хойд хэсэгт илүү сайхан орчинтой, идэш тэжээл элбэг тул хэд хэдэн мазаалай хил давж, цааш явсан байх өндөр магадлалтай. Гэхдээ энэ нь судалгаагаар батлагдаагүй. Мазаалайн тоо толгой өсдөггүйн нэг шалтгаан нь түүний шилжилт хөдөлгөөнд саад болж буй хүчин зүйлс. Жишээлбэл, Хятад руу нүүрс тээвэрлэж буй том оврын автомашинууд, уул уурхайн олборлолт, төмөр замын хөдөлгөөн нь мазаалайг төрөлх нутгаасаа үргэх том шалтгаан болж буй. Баавгай ямар нэгэн зүйлээс айж, үргэхгүйгээр их говьд тааваараа амьдрах ёстой. Тийм учраас авто болон төмөр замтай газруудад амьтны нүхэн гарц, гүүр барих шаардлагатай. Энэ нь зөвхөн мазаалай гэлтгүй бусад зэрлэг амьтанд ч зайлшгүй хэрэгтэй. Зэрлэг амьтад төмөр замаар хөндлөн гарч, галт тэргэнд дайруулж, хорогдох тохиолдол цөөнгүй. Мөн нүүрс тээврийн олон автомашин явдаг тул амьтдын тархац нутаг яг тэр заагаар хуваагдсан. Хэрэв 15 метрийн өргөнтэй гүүрэн гарц баривал баавгай болон бусад амьтан нөгөө талд байгаа популяцтай нийлэх боломжтой. Мазаалай өвсөн тэжээлтэй гэж би дээр дурдсан. Тиймээс ГИДЦГ-т бэлчиж буй таван хошуу малын сүрэг түүний идэш тэжээлээс хороодог. Ийм учраас малчид малаа зэрлэг амьтдын тархац нутаг руу бэлчээхгүй байхад анхаарах шаардлагатай. Говийн зарим малчин малаа илүүд үзэж, зөвшөөрсөн талбайгаас хэтрүүлж бэлчээдэг. Мазаалайд ч бас бэлчээр хэрэгтэйг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэнцвэрт байдлыг нь хангаж чадвал мазаалайн тархалт, идэш тэжээлийн олдоц нэмэгдэж, тоо толгой өсөх боломжтой. Мазаалай бол дэлхийн нэн ховор амьтдын нэг. Нэн ховор амьтны тоо толгой цөөрвөл устах аюул улам нэмэгдэнэ. Тиймээс тоо толгойг нь бууруулахгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хүн төрөлхтөн зарим зүйл дээр буулт хийж, зэрлэг амьтдын амьдрах орчныг тайван орхих ёстой.
-Таны нас 80 дөхөж буй. АНУ-ын Аляска муж улсаас Монголын говьд ирж, олон хоног судалгаа хийх амаргүй байв уу?
-Би 1958 оноос баавгай судалж буй. Баавгайг хамгийн урт хугацаанд судалсан хүн байж ч магадгүй. Заримдаа бие махбодын хувьд ядардаг ч мазаалайд туслах чин сэтгэл минь хэзээ ч цуцдаггүй. Мазаалайг олон улсын судлаачдад таниулж, монгол, гадаадын судлаачдыг нэгтгэх ажлаасаа хэзээ ч залхахгүй ээ. Олон улсын баавгай судлаачид говьд ирэхээрээ мазаалайд юу дутуу байгааг илүү мэргэжлийн талаас нь харж, саналаа хуваалцдаг. Мөн тэд монгол судлаачдад цаашид хийх зүйл дээр зөвлөгөө өгөх боломжтой. Мазаалайг судлах хойч үеийг бэлдэх нь миний үүрэг.
-Цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх ажил зогссон. Тэр үед Харри Рейнолдс Монголд ирэхээ боливол, мазаалайн судалгаа зогсох нь гэсэн айдас төрж байлаа.
-Бид анхнаасаа мазаалайн судалгааны гол ажлыг монголчууд хийх хэрэгтэй гэх зарчмыг баримталсан. Гадаад хүн мазаалайг судалж, докторын зэрэг хамгаалсан ч өөрийн улс руугаа яваад өгнө. Харин монгол судлаачид эх орондоо үлдэж, энэ амьтныг хамгаална. МУИС-ийн докторант Г.Дэлгэрчимэг, А.Баясгалан нар бол мазаалайн “ирээдүй” юм. Тэд одоо бие дааж говийн баавгайг судлах чадвартай болсон тул айх хэрэггүй. Монголчууд 2013 оныг “Мазаалай хамгаалах жил” болгон зарласан шүү дээ. Ингэж баавгай хамгаалахад үндэсний хэмжээний хичээл зүтгэл гаргасан өөр улс дэлхийд байхгүй. Энэ нь та бүхний амьтнаа хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэйг харуулж байна. Монголчууд мазаалайгаа хамгаалж үлдэж чадна гэдэгт би итгэдэг. Мазаалай бол Монгол Улсын эрдэнэс юм.