Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос БНХАУ-ын Шэньжэнь хотод зохион байгуулсан сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн гран при тэмцээнд Монголоос гурван баг оролцлоо. Тэднээс “Зайсан миг даатгал” багийнхан урьдчилсан шатанд тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл “Сансар ММС энержи”, “Улаанбаатар ММС энержи”-гийнхэн тоглолтоо цааш үргэлжлүүлэн, шилдэг наймд шалгарав. “Сансар ММС энержи”-гийнхэн Сербийн “Лиман” багийнханд14:21-ээр хожигдож, V байрт жагсжээ. “Улаанбаатар ММС энержи”-гийнхэн VIII байр эзлэв. Тус багийн тамирчид гурван тоглолтод 14.3 оноо, 15.7 самбар дунджилж, нэг онооны шидэлтийг 69 хувийн гүйцэтгэлтэй тоглосон байна. Тэгвэл “Сансар ММС энержи”-гийнхэн 18.7 оноо, 11.7 самбар дунджилж, нэг онооны шидэлтийг 66, хоёр онооныхыг 26 хувьтай гүйцэтгэжээ.
Энэ удаа багийнхнаасаа А.Ананд (“Сансар ММС энержи”) 27 оноо бүртгүүлж, дээрх тэмцээний онооны жагсаалтын VII байрт бичигдлээ. Мөн Ц.Отгонжаргал (“Улаанбаатар ММС энержи”) 20 удаа самбараас бөмбөг авснаар “Лиман”-ы тоглогч Михайло Васикийн араас II байрт жагсав. Манайхнаас “Сансар ММС энержи” багийнхан Филиппиний Манила хотод энэ сарын 20-21-нд болох “Их дуулга”-д оролцоно. “Их дуулга”-ын чансааг Сербийн “Ub huishan” баг тэргүүлж буй бол “Сансар ММС энержи”-гийнхэн дөрөвт эрэмбэлэгдэж байна.