Гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний эсрэг дархлаажуулалт 90 хувьтай байгааг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Уг өвчин тархах эрсдэлтэйд тооцогдож буй Дорнод аймгийн 14, Сүхбаатарын хоёр сум дахь 470 900 үхэрт вакцин хийхээр төлөвлөжээ. Дархлаажуулалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн юм байна. Үхрийн арьс товруутах өвчин нь ялаа, шумуул зэрэг шавжаар дамжин халдварладгаараа өндөр эрсдэлтэйд тооцогддог аж. Тиймээс цаг агаар дулаарахаас өмнө эрсдэлтэй бүс нутгийн үхрүүдийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн гэнэ. Ташрамд дурдахад, гоц халдварт бог малын мялзан өвчин Булган аймгийн хоёр сумд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. Тус аймагт зургаан айлын 303 мал өвчилжээ.
Бэлтгэсэн: М.Оч