Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнд холбогдуулж хууль сахиулах байгууллагынхан хэрэг нээн шалгахаар болсон аж. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм байна. Бидний авсан мэдээллээр ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нь уг албан тушаалд томилогдсоноосоо хойш болон түүнээс өмнө хилийн 0119 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа өөртөө, бусдад давуу байдал олгосон гэх мэдээллийг хууль сахиулах байгууллагынхан шалгасан гэнэ. Тодруулбал, хилийн цэргийн офицер, ахлагч нарт зориулсан “Хилчин”, “Харуул Алтай” хотхоны барилгыг бариулахдаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, мөнгийг нь завшсан байж болзошгүй гэх үндэслэл бүхий мэдээлэл хууль сахиулах байгууллагынханд иржээ.
Мөн хүү Л.Түвшинбилэгийнхээ нэр дээр аж ахуйн нэгж байгуулан “Харуул Алтай” хотхоны ард талд, хилийн 0164 дүгээр ангийн биеийн тамирын талбайг татан буулгаж, хувийн сууцууд барьж борлуулсан хэмээн шалгасан юм байна. Эдгээрээс гадна “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төслийн таван тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэх мэдээлэл хууль сахиулах байгууллагынханд ирсэн гэнэ. Үүнийх нь дагуу хууль сахиулах байгууллагынхан шалгаад, үндэслэл бүхий мэдээлэл гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж үргэлжлүүлэн шалгахаар прокурорын байгууллагад саналаа хүргүүлсэн ч УЕПГ-ын Тусгай хяналтын хэлтсийн хяналтын прокурор нь гэмт хэргийн шинжгүй, харьяаллын бус гэх үндэслэлээр хэрэг нээхээс татгалзсан байна.
Хил хамгаалах байгууллагатай холбоотой өөр нэг мэдээллийг хүргэе. Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангид энэ сарын 5-нд хугацаат цэргийн албанд татагдсан 22 настай байлдагч Х цэргийн байрандаа нас баржээ. Энэ сарын 12-ны 05.50 цагт цэргүүдийг сэрээхэд байлдагч Х орноосоо боссон ч ухаан алдаж унан, эмнэлгийн тусламж авч чадаагүй гэнэ. Тус аймаг дахь Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, талийгаач цэргийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийхээр болжээ. Магадгүй ямар нэг суурь өвчтэй байсан хүнийг цэрэг татлагын комиссынхон тоогоо гүйцээхийн тулд үзлэгийг дутуу дулимаг хийснээр өвчнийг нь илрүүлэлгүй амиа алдсан байх магадлалтай аж.