Архангай аймагт 11 зочид буудал, 138 гэр буудал, 31 дэн буудал, амралтын 3 газар, 34-н жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны байдлаар дотоодын 161520, гаднын 7173 жуулчин Архангай аймагт иржээ. 2023 оны төлөв байдлаар нийт жуулчдын тоо 285364 хүрнэ гэж тооцоолж байна. Иймд Архангай аймгийн брэнд болсон Монгол сарлаг фестиваль, Орхоны хөндийн адуучдын баяр, Орхоны хөндийн бяцхан 99-н баатрын аялал зэрэг эвент арга хэмжээний бэлтгэл ажил эхэлжээ.
Мөн залуус руу чиглэсэн шоу тоглолт, үзүүлбэр, спортын арга хэмжээ зэрэг шинэлэг 17 эвент зохион байгуулахаар төлөвлөсөн ба үүнд зориулж 25 га талбайд 4000 хүний багтаамжтай “АРА КОМПЛЕКС” стадионыг 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулхахаар ажиллаж байна. Тус байгууламжийг кантенер ашиглаж барьж байгаа ба 1500 автомашины зогсоол, 84 үйлчилгээний борлуулалтын цэг ажиллах хүчин чадалтай.
Архангай аймгийн ариун цэврийн байгууламжийн тухайд стандартын шаардлага хангасан 425 байгаа ба үүний 34 нь аялал жуулчлалын бааз, 391 нь аж ахуйн нэгж байгууллага байна. Нүхэн жорлонгийн хувьд соруулдаг 67, ариутгаж буулгасан 230, ариутгаж буулгах шаардлагатай 56, харин төвийн шугамд холбогдсон 1174 байна. Архангай аймаг жуулчин хүлээж авах бэлтгэл ажил шуурхай явуулж байгааг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид онцолж байв.