Ховд аймгийн бүс нутагт их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан орон нутагтаа дэмжлэг үзүүлэх үүднээс Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан сумдын малчдад өвс тэжээл хүргэх, тээвэрчдэд зам гаргах ажлыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 10 гаруй алба хаагч энэ цаг үед гүйцэтгэж байна.
Тус ангийн захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, дэд хурандаа Т.Тайванбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн цасанд дарагдсан айл өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх болон малчин тээвэрчдийн хөдөлгөөн үйлдэх замыг засаж байгаа юм. Цэргийн алба хаагчдад орон нутгийн иргэд талархал илэрхийлж, нийгмийн хариуцлага өндөртэй хамт олон хэмээн онцолсоор байна.