Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт урьд шөнө ногоон байгууламж бүхий талбайг сүйтгэж, моддыг тайрч буй мэдээлэл цахим орчинд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Эл асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа
"Тухайн газар нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших "Оргил" худалдааны төвийн хажуу дахь ногоон байгууламж бүхий талбай юм байна. Газрын хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хамаарал бүхий компани болох "Камдер ХХК"-нийх аж. Харин тус газарт орших ногоон байгууламж нь нийслэлийн өмчид тооцогддог байна. Нийслэлээс тус компанид ногоон байгууламж хөдөлгөх зөвшөөрөл өгөөгүй байгаа бөгөөд "Камдер" ХХК-наас төлбөр нэхэмжилж, торгуулийн арга хэмжээ авах албан шаардлага хүргүүллээ" хэмээн мэдээлсэн байна.
Мөн байгаль орчны асуудалд тууштай тэмцдэг ХААИС-ийн багш Д.Сэрдарам эл асуудлын талаар "Улаанбаатар хот жил бүр 20-оос дээш насжилттай модоо тоолж үндсэн хөрөнгөндөө оруулдаг журамтай байсан. Одоо яасныг бүү мэд. Хотод 745 000 мод бут тоологдож байгаад барилгажилтаас болж огцом буураад одоо 20-оос дээш жилийн насжилттай буюу "Соци" үед тарьсан моднууд их цөөрсөн. Цөөн байгаа хэдийгээ ингэж хядаж байдаг. Музейн урд талын 2 модыг сая тайрахад бараг цагдаагийн хяналтан дор "Хариуцлага хүлээнэ" гэж ам тангараг өгч байж дуусгасан. Хариуцлага хаана байна. Хариуцлага заавал тооц" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Бид эл асуудлын талаар эргэн мэдээлэх болно...