Та ийм зар уншаад юу бодох вэ? Энэ асуултыг өөрөөсөө заавал асууж үзээрэй. Ийм зард хууртаад 2022 онд визний залилангийн гэмт хэрэгт өртсөн 217 иргэн байна. Энэ гэмт хэргийг ах дүү 2 нийлж хийсэн байх бөгөөд 625 сая төгрөгийг дээрх иргэдээс залилж авчээ. Тэд дараах зарыг цахим орчинд байршуулсан.
“БНСУ-н цорын ганц визгүй аялах боломжтой аялал жуулчлалын чөлөөт бүс нутаг үзэсгэлэнт Чэжү арлын аялал, нууцлаг байдлаараа алдартай "Чөтгөрийн зам" , халуун өдөр таныг сэрүүцүүлэх Мөсөн музей, 3D зургийн хүрээлэн, морин цирк үзэж, далай дээгүүр хөлөг онгоцоор аялан, нутгийн иргэдийн аж амьдралтай танилцах замаар ажил хөдөлмөр эрхлүүлнэ байдлаар хүссэн бүхнийг тань цогцлоосон 4 шөнө 5 өдрийн гайхалтай аялалдаа урьж байна” гэсэн байгаа юм.
Хэрэг үйлдсэн ах дүү хоёрын арга бүр үнэхээр башир. Дээрх зарын дагуу 3,4-р хороололд байрлах оффис дээр нь очсон иргэдэд өөр компаниудын зохион байгуулсан аяллын зураг, дүрс, видео үзүүлж гэрээ байгуулаад визний хураамж, зуучлалын хөлс, тийзийн мөнгө гэх зэргээр 2-5 сая төгрөгийг бэлнээр авч, хуурамч аяллын гэрээ байгуулан, улмаар онгоцны билетийн кассуудад нислэгийн тийз захиалан, бүр товлосон өдрөө нисэх онгоцны буудал дээр хүмүүсээ цуглуулдаг. Онгоц нисэхийн өмнөхөн хүмүүс дээр ирж: Цаад Солонгос талын аяллын компани аяллын өдрийг хойшлууллаа, тэднийхээс хариу өгтөл хүлээх боллоо гэж тараах замаар мөнгө луйвардаж байжээ. Энэ хэргийг сонирхоод үзвэл, визгүй аялал гэж зар явуулчихад иргэдээс визний хураамж гэж мөнгө авсан, мөн компанийнх нь нэр бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан, ямар ч аяллын жуулчлалын чиглэлийн компани биш гэх зэргээр мэдээллүүд нь зөрүүтэй байдаг. Иргэд яг ийм байдлаар төөрөгдөлд орж залилуулдаг. Ямар компани байна, үйл ажиллагааны чиглэл нь юу байна гэх зэргийг огт шалгаж үздэггүй, итгэл дээр суурилж гэрээ байгуулаад хохирдог байна.
-Солонгосын элчин сайдын яамны ажилтны нэрийг барьж визний залилан хийжээ-
Монгол улсын төрийн албанд ажилладаг байсан У.Ч гэгч нь Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг Пак Ман Ваны нэрийг ашиглан 46 иргэнээс 725 сая төгрөг залилжээ. Тэрээр хүмүүст шууд дипломат ногоон паспорт гаргаж, Солонгос болон бусад орон руу визгүй аялж болно гэж ойр дотнынхоо хүмүүсийг итгүүлэх замаар хэргээ үйлджээ. Иргэд өөрсдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас энэ мэтээр хохирсоор л байна. Уг нь бол ногоон паспортыг хэнд олгодог талаарх мэдээллийг нягталж шалгаад, уншаад үзчихсэн бол 46-уулаа хохирохгүй байх боломжтой байсан.
-Эгч дүү хоёр нийлж “Америк, Шинэ Зеланд, Австрали, Англи, Канад” улсын виз гаргана гэж 1,7 тэрбум төгрөг залилжээ-
Монгол Улсад бизнесийн зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компанийг төрсөн эгч дүү болох Нараа, Сараа хоёр нийлж байгуулаад тус компаниараа “Америк, Шинэ Зеланд, Австрали, Их британи /Англи/, Канад” гэх мэт улсын визэд оруулж, найдвартай виз гаргаж өгнө, их дээд сургуулийн тэтгэлэг олж өгнө гэж худал мэдээлэл тараан 4 жилийн хугацаанд 150 иргэнээс нийт 1,7 тэрбум төгрөг залилжээ. Энэ хооронд залилуулсан иргэдийг энд тэндхийн элчин сайдын яам руу явуулж, орчуулга, тодорхойлолт мэдээлэл цуглуулж, цаг хугацаагаар нь тоглодог давхар хохирол гардаг муу үр дагавартай. Луйвардаад байгаа хүмүүс мэдээж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл заалтаар Эрүүгийн хэрэг үүсэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж, хэрэг илэрдэг боловч хохирсон хүмүүст мөнгөөр хэмжигдэшгүй сэтгэлзүйн болон цаг хугацааны хохирол тооцох боломжгүй байдлаар харамсалтай. Залилагч бол залилагч. Тэдэнд хүний мөнгийг л салгаж байвал бусад үр дагавар огт хамаагүй.
Харин нөгөө талд иргэдийн хайхрамжгүй, гэнэн, итгэмтгий, аливааг шалгаж нягталж үздэггүй буруутай үйлдэл бас байгаа гэдгийг мартаж болохгүй. Гадагшаа л гарчихвал хаана ч байсан яах вэ, гаднын улсад л очвол газраар нэг мөнгө хөглөрч байдаг гэж сэтгэдэг байдлаас болж виз мэдүүлэх гэж байгаа 3 монгол хүн тутмын 1 нь хохирогч болдог статистик гарчээ. Жишээ нь: Гэрээгээр гадагшаа ажиллах хүчээр явуулж өгнө гэсэн зарын дагуу хэн нэгэнтэй уулзсан л бол энэ талаар ядаж л Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам руу хандаад албан ёсны явуулж байгаа хөтөлбөр, компани, хувь хүн мөн үү биш үү гэдгийг шалгачихдаг ухамсартай болчихвол энэ төрлийн хохирол гарахгүй, хохирогч нэмэгдэхгүй байж болох юм.
Визэнд найдвартай зуучилна, Гаднын сургуулиудын тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт амар хялбар аргаар гадагшаа явуулах зар мэдээллийн цаана ихэвчлэн залилангийн гэмт хэргийн бүлэг этгээдүүд байдгийг “гадагшаа явах хүсэлтэй” ойр тойрныхондоо анхааруулж байгаарай. Визний залилангийн хэрэг 10 орчим жил тасралтгүй өсөж байгааг анхаарууштай. Хэн ч ийм хэргийн хохирогч болох эрсдэг өндөр тул та заавал шалгаж, нягталж, хуулийн хүрээнд асуудалд хандаж сурах хэрэгтэй.