Хар тамхи хэмээх гай барцад ихтэй, хорлолтой бодис монгол залуусын дунд ихэд тархаж хэрэглэгч, худалдан авагчид нь түүний барааг харахын тулд яахаас ч буцахгүй болж байна. Уг нь хууль сахиулах байгууллагынхан хар тамхитай тэмцэж, хүүхэд залуус, эцэг, эхчүүдийнх нь дунд яриа таниулга хийж мансууруулах бодисын хор, аюулыг ухуулж буй. Ирээдүйгээ мансуурлаас аврахын тулд өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд тэмцэж л байна. Гэтэл шүүх хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг үл ялих шалтгаанаар л толгойг нь илсээр байгаа нь харамсалтай.
Дэлхийн олон улсад маш их хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул бидний хаяанд ирж, гэр бүл, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд, найз нөхдийн дунд эрсдэл учруулчихаад байхад шүүх, шүүгч улс орныхоо эрх ашгийг бодолцохгүй, мансуурагчид, түүнийг наймаалагчдын толгойг илж байгаа юм. Ийнхүү толгойгоо илүүлсэн мансуурагчид цаашид ямар ч гэмт хэрэг үйлдэж, бусдад хохирол учруулж болзошгүй байна. Хар тамхи хэрэглэхгүй бол гэр бүлээ айдаст автуулж, эцэг, эхдээ гар хүрдэг, эд зүйлийг нь хулгайлж борлуулдаг тохиолдол ч гарах болсон.
...3.4-2 дахь хэсэгт нь “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж хуульчилсан. Гэтэл эл хэргийг шийдвэрлэсэн шүүгч И.Ган бат санаатай юу, санамсаргүй байдлаар уу, Д.Буян бадрахыг хатгагч гэж дүгнэчихсэн атлаа хатгаасаар нь гэмт хэрэг хийсэн хүнээс хөнгөн буюу зорчих эрх хязгаарлах ял оноосон нь хуулиа мөрдөөгүйг илтгэж байна. Бидний авсан мэдээллээр Д.Буянбадрах нь нэгэн айлыг маш ихээр хохироож, хорлосон гэх. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст түүний бусдыг хохироосон өөр нэг үйлдлийг нь шалгаж байгаа юм билээ...
Шүүх мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдсан залуусыг өөгшүүлсэн шийдвэр гаргаж буй жишээ цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд монголчуудад хар тамхи борлуулж байсан Нигерийн иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ хөнгөн ял оноов. Манай хоёр хөршид хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүст хамгийн хатуу буюу цаазаар авах, бүх насаар нь хорих ял шийтгэл ногдуулж байхад Монголын шүүх, шүүгчид Эрүүгийн хууль дахь ялын дээд хэмжээгээр ч бус, бараг л тэднийг өөгшүүлсэн мэт шийтгэл оноож байгаа юм. Тодруулбал, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, манай улсын иргэн Б.Баярцэнгэл нарт холбогдох, их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн. Уг нь НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5-3, 20.7-2 дахь хэсэгт заасан хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгоод, худалдах зорилгоор хар тамхи хадгалсан хэрэгт нь Адекола Олавасен Азеезид хоёр, Б.Баярцэнгэлд нэг жил хорих ял шийтгэсэн юм. Адекола Олавасен Азеез нь нутаг нэгт Анози Дарлингтон Дон болон Монгол Улсын иргэн У.Ариунзул нартай хамт хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор олж авч хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцогдож, зургаан жил хорих ял шийтгүүлж байсан атал давтан гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний ийм бодис Монголд оруулж ирчихээд байхад ийнхүү өөгшүүлж буй мэт хөнгөн ял оноосон нь эмгэнэлтэй.
Түүгээр ч зогсохгүй хар тамхи хилээр оруулж ирсэн үйлдлийг нь гэмт хэрэг биш гэж үзсэн шүүх, шүүгчийг хар тамхины наймаачдыг өөгшүүлсэн гэж үзэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл нийлэг аргаар гаргаж авсан “мөс”-ийг, эсвэл арай өөр хэлбэр, дүрстэй болгож боловсруулсан мансууруулах бодисыг Монголд хийдэггүй. Түүнийг хүн болгон л мэдэж байгаа. Монголд боловсруулдаггүй, метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг хилээр оруулж ирж, борлуулж буй нь тодорхой атал Эрүү гийн хуулийн 18.5-д заасан хилээр эд зүйл, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь гадаадын мафийнхныг давраасан явдал. Шүүх хар тамхины зохион байгуулалттай бүлэг, тэдний хэрэглэгчдийг даврааж байгаа тохиолдол ганц дээрх жишээгээр тогтохгүй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд нэлээд удсан Л.Туул, Д.Тунгалаг нарын 21 хүнд хол богдох “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан”, “Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх хэргийг шүүх хоёр хэсэг болгон тусгаарлаж шийдвэрлэсэн байдаг. “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр, “Ландага” хэмээх нэрээрээ танил болсон Ё.Батцэнгэл зэрэг хүнээс гадна загвар өмсөгч бүсгүй ч тэр олон шүүгдэгчийн дунд байсан. Тэд Д.Тунгалаг болон түүний гэр бүлийнхнээс хар тамхи авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Өмнөд хөршөөс “бараа” оруулж ирдэг хүмүүсээс бага хэмжээгээр худалдан авч хэрэглэгчдэд нь дамлан борлуулдаг байсан хэмээн буруутгагдсан юм. Гэтэл эл хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ шүүгч нар үл ялих шалтгаан олж харж мансуурагчид, наймаачдын толгойг илж. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын гар утсанд үзлэг хийхдээ прокуророос зөвшөөрөл аваагүй, хүний хувийн мэдээлэлд халдсан гэж үзсэн байгаа юм. Уг нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг УИХ 2021 оны арванхоёрдугаар сард баталж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Харин Л.Туул, Д.Тунгалаг нарын 21 холбогдогчтой хэргийг энэ хууль батлахаас өмнө шүүхэд шилжүүлж, “Ковид”-оор далимдуулж нэлээд хэдэн жил шийдвэрлэхгүй байсны эцэст хэлэлцсэн юм. Энэ мэтээр хар тамхины хэрэгт холбогдогчдыг өөгшүүлж байгаа хуулиа, шүүх, шүүгчдээ яалтай билээ.
ГЭМТ ХЭРГИЙН ХАТГАГЧИД ҮЙЛДЭГЧЭЭС НЬ ХӨНГӨН ЯЛ ОНООХ УЧИРГҮЙ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 20- нд Д.Буянбадрах, М.Мөнхтулга, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Тодгэрэл, Б.Дөлгөөн нарт холбогдох мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх хэргийг хэлэлцжээ. Прокуророос Д.Буян-бадрахад М.Мөнхтулгыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, хатгагчаар хамтран оролцож, 2022 оны тавдугаар сарын 22-нд Сонгино хайрхан дүүргийн нутаг, “Цамбагарав”-ын авто бусны буудлын орчмоос мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр олж авсан, улмаар Д.Буян бадрах нь Хан-Уул дүүргийн нутаг, “Хүннү 2222” хотхон дахь орон сууцад уг бодисоо хадгалсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бол бусдыг нь худалдах зорилгогүйгээр олж авсан хэмээн буруутгасан аж. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршил бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болзошгүй хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тусгайлан хуульчилж, олон улсын гэрээ, конвенцод заасан байдаг.
Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн хуулиа тэгш байдлаар хэрэглэсэнгүй, гол зохион байгуулагч, хатгагчид нь хөнгөн ял оноочихсон байх юм. Тодруулбал, эл хэргийг шийдвэрлэхдээ Д.Буян бадрахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-3, 3.1-1, 3.4-1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн аж. Харин түүний хатгаасаар хар тамхи олж аваад хүргэж өгсөн М.Мөнхтулгад нэг жил таван сар хорих ял нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4-1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж цагаан дээр хараар бичиж, мөрдөж буй. 3.4-2 дахь хэсэгт нь “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж хуульчилсан. Гэтэл эл хэргийг шийдвэрлэсэн шүүгч И.Ган бат санаатай юу, санамсаргүй байдлаар уу, Д.Буян бадрахыг хатгагч гэж дүгнэчихсэн атлаа хатгаасаар нь гэмт хэрэг хийсэн хүнээс хөнгөн буюу зорчих эрх хязгаарлах ял оноосон нь хуулиа мөрдөөгүйг илтгэж байна. Бидний авсан мэдээллээр Д.Буянбадрах нь нэгэн айлыг маш ихээр хохироож, хорлосон гэх. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст түүний бусдыг хохироосон өөр нэг үйлдлийг нь шалгаж байгаа юм билээ.
“Те ди”-д гар утас худалддаг нэгэн эмэгтэйгээс их хэмжээний мөнгө залилан аваад, улмаар согтууруулах, мансууруулах бодист донтуулж, хамааралтай болгосон хэмээн ар гэрийнхэн нь хууль сахиулах байгууллагад өргөдөл гаргасан аж. Нөхөр нь гадаадад ажил хийж, олсон хэдэн ам.доллароо шилжүүлэн орон гэртээ зарцуулахаар хадгалж байсныг дээрх Д.Буянбадрах ямар нэг байдлаар залилж авсан гэж өргөдөлд дурдсан байгаа юм. Түүгээр ч зогсохгүй эхнэрийг нь элдвээр хэлж цагдаад өгсөн өргөдлийг нь буцаалгаж байсан гэх. Энэ талаар холбогдох байгууллагынхнаас тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт Д.Буян бадрахыг шалгаж байхад эд хөрөнгө залилсан гэх үйлдлийг нь шалгуулахаар өргөдөл өгч байсан юм билээ. Гэвч хохирогч гэх эмэгтэй нь өргөдлөө буцааснаар тухайн асуудлыг нь шалгалгүй, зөвхөн хар тамхитай холбоотой үйлдлийг нь шалгаж тогтоон шүүхээр шийдвэрлүүлсэн. Одоогоор залилсан гэх хэрэгт зайлшгүй хийх шаардлагатай шалгалтууд хийж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Мансууруулах бодист донтсон залуус түүнийгээ олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байгаагийн нэг илрэл нь энэ бололтой. Нэг айлын амьдралаар тоглож, их хэмжээний мөнгөөр нь хохироогоод, эхнэрийг нь согтуурах, мансуурах эмгэгтэй болгосон эл хэргийг бид эргэн сурвалжлах болно.