Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Завхан аймгийн Улиастай, Их-Уул, Тэлмэн, Идэр сумдад “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгууллаа. Гэр бүл судлаач, багш, доктор Ч.Амартунгалаг тус сургалтыг удирдан явуулсан юм. Гэр бүл судлалын чиглэлээр 30 жил ажилласан тэрбээр гэр бүл салаад буй учир шалтгааныг хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Араас нь хосуудад хэрхэн гэр бүлээ аварч үлдэх талаар судалгаанд тулгуурлан мэдээлэл өгсөн.
Сургалтад хамрагдсан хөдөөгийн иргэд шинэ мэдээлэл сонсож, тархиа “цэнэглэсэндээ” сэтгэл хангалуун, асуух асуулт ихтэй байлаа. Мөн архичин, хөгжлийн бэрхшээлтэй боллоо гээд салж сарних биш үхэл биднийг салгана хэмээн тангараг өргөж, гэрлэлтээ батлуулсан учраас хамтдаа асуудлаа хэрхэн даван туулж, аз жаргалаа олох талаар ч зөвлөгөө мэдээлэл авсан. Товчхондоо, Монгол Улсын хөгжлийн тулгуур бол байшин барилга биш гэр бүл гэдгийг залууст ойлгоод гарсан нь сургалтын гол үр дүн байлаа.
Ирэх өдрүүдэд “Гэр бүлийн харилцаа” сургалтыг Завханы Яруу, Түдэвтэй, Тосонцэнгэл, Баянтэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан, Асгат, Нөмрөг зэрэг сумдад үргэлжлүүлэн хийнэ. Эл сургалтыг Балжиннямын Баярсайхан сангаас санхүүжүүлж, зохион байгуулж буй.
Ташрамд дурдахад Дэлхийн гэр бүлийн өдөр тавдугаар сарын 15-нд тохионо. Дэлхийн улс орнууд эл өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж, гэр бүл, залуу хосууд руу чиглэсэн олон үйл ажиллагаа өдөрлөг зохион байгуулдаг билээ.