Ираны нийслэл Тегеранаас холгүй орших цэргийн баазад энэ сарын 12-нд болсон дэлбэрэлтийн үеэр барилга байшин нурж, их хэмжээний хохирол учирсныг сансраас авсан гэрэл зураг нотолж байна хэмээн ВВС мэдээлжээ. Исфахан дахь цөмийн төв ч энэ дэлбэрэлтэд өртсөнийг Израилийн тагнуулын албаныхан онцлов. Сансраас авсан гэрэл зургаас уран баяжуулах төвийг хийгээр хангадаг төхөөрөмж эвдэрснийг харж болно хэмээн эх сурвалж өгүүлсэн байна. “Бид дэлбэрэлтийн дууг сонссон. Гэхдээ энэ талаар ямар нэгэн мэдээлэл одоо хүртэл алга” хэмээн гэрчүүд мэдэгджээ.
Ослын үеэр хүмүүс бэртэж гэмтээгүй гэнэ. Түүний зэрэгцээ Ираны эрх баригчид осол гарсан гэх мэдээллийг няцааж байгаа билээ. Исфаханд болсон дэлбэрэлтийн үеэр 17 хүн нас барсан, хэдэн арван хүн шархадсан хэмээн гадаадын хэвлэлүүдэд мэдээлж байсан юм. “Шихаб-4” пуужин зохион бүтээсэн, Ираны батлан хамгаалахын салбарын нөлөө бүхий хүмүүсийн нэг гэгддэг генерал Хасан Могаддам эл дэлбэрэлтийн үеэр амиа алдсан гэх мэдээлэл ч түгжээ.
Х.ОД