Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ХҮН намынхан “Төлөөлөх Зөвлөл”-ийн хурлаараа хэлэлцэн, дэмжсэн гэнэ гэнэ. Улмаар энэ талаараа мэдээлэл хийлээ. Тус намын дарга Т.Доржханд "Монгол Улс маш том өөрчлөлтийн ирмэг дээр ирсэн. Авлига, эдийн засгийн уналт, иргэдийн амьдрал ядуу байгааг өөрчлөх суурийг тавьж чадах уу гэдэг ирмэг юм. Дэлхийн эдийн засагчид, судлаачид үүнийг баталж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бид хоёр жил ярьлаа. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэйгээ уулзлаа. ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувь дэмжиж байна. Бидний зүгээс тус өөрчлөлтөд тусгах саналаа албан ёсоор хүргүүлсэн. Энэ долоо хоногт багтааж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаа эхлүүлэхгүй бол цаг хүрэлцэхгүй нь. Энэ том суурь өөрчлөлтийг монголчууд хийх гээд чадаагүй байдаг.
Бодлого ярьдаг улстөрчдийг бий болгох парламент 30 жил байхгүй байсны шалтгаан нь мажоритар тогтолцоо юм. Өөрсдийн тойргоо усалж, би л гарч байвал болоо гэсэн 30 жилийн өрсөлдөөний үр дүнд Монгол Улс нийтээрээ ялагдсан. Монголчууд нийтээрээ өөрчлөлтийг хүсэж буй. Амьдрал, сонгуулийн систем сайхан байна гэж ярьж байгаа хүмүүс шулуухан хэлэхэд өөрсдийгөө бодсон увайгүй хамгаалалт хийсэн. Тухайн хүмүүс өнөөдөр баян тансаг амьдарч, нам нь удаа дараалан сонгуульд ялсан байж болох юм. Гэхдээ Монгол Улс ялагдаад байна. Монгол Улсын эдийн засаг 30 жилийн хугацаанд 14 дахин өссөн бол төсөв, төрийн зардал 55 дахин нэмэгдсэн. Залуучуудад боломж олгож, ардчилсан улс байя гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай хэлэлцэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох тухайд санал нэгдсэн. Энэ бол бидний ярьж байгаа тоо биш. Судлаачдын гаргаж ирсэн тоо. Хүн амын тооноос хамаарч парламентын гишүүд байна гэж зарим хүн яриад байна. Дэлхийн парламентын хамгийн үр ашигтай түвшин нь 120-800 юм. 120-оос доош гишүүн байвал хулгай, хуйвалдаан, авлига их гардаг. 800-аас дээш гишүүн байвал шийдвэр гаргаж чадахаа больдог. Тэгэхээр олон хүн амтай улс олон гишүүнтэй, цөөхөн нь цөөн гишүүнтэй байх ёстой гэсэн үг биш.
Манай улс дэлхийд цөөн хүн амтай улсад орохгүй. Дэлхийд тусгаар тогтносон 10 000, 20 000 хүн амтай улс бий. Ази номхон далайн орнуудаар ажиллаж байсан. 10 000 хүн амтай улсын төрийн тэргүүн АНУ-д очоод тус улсын ерөнхийлөгчтэй зэрэгцэж, асуудлаа ярьдаг.
БНХАУ 1.4 тэрбум, Монгол 3.4 сая хүн амтай учраас гишүүдийнхээ тоог цөөл гээд байгаа хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын дүүргийн даргатай уулзуулж, санамж бичиг байгуулахыг хүсээд байгаа юм уу. Төр ийм байдаггүй юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй, хулгай хийдэггүй, хөгжлийн бодлого ярьдаг парламентын гишүүдийн тоо 152 байх нь зүйтэй гэдэгт санал нэгдэнэ" гэлээ.