Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр УИХ дахь АН-ын бүлгээс авсан нэг хоногийн завсарлагын хугацаа дууссан.
Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 96 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав.
Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” гэж тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөл жуулчинд энэ хуулийн 11.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг;” гэж, мөн “.“отоглох цэг” гэж аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацад нийцүүлэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, өөрийн стандарт бүхий, жуулчинд зориулсан түр байрлах үйлчилгээний цогц орчныг;” гэсэн агуулгатай 4.1.12, 4.1.13 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хурааж, ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв.
Дараа нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон бол хуралдаан даргалагчаас Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
Ингээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.