Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх сарын 4-нөөс нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ирэх зургадугаар сарын 18-нд улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ удаа гурван аймгийн ИТХ-ын гурав, 17 аймгийн 31 сумын ИТХ-ын 41, нийслэлийн хоёр дүүргийн ИТХ-ын хоёр төлөөлөгч буюу нийт 46 хүнийг сонгох юм. Ташрамд дурдахад, иргэд нөхөн болон дахин сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан танилцаж, шалгах боломжтой.