Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Йордан улсын “Жордан био үйлдвэрлэлийн төв”-өөс (JOVAC) худалдан авах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд бог малын мялзан өвчний яаралтай дархлаажуулалтад шаардлагатай 20 сая тун хуурай вакциныг хүлээн авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн хөргүүрт байршуулжээ. Улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг энэ сарын 15-наас эхлүүлсэн бөгөөд үүний дараа бог малын мялзан өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буйг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Одоогоор гурван аймгийн зургаан сумын зургаан голомтод хорио цээртэй, гурван аймгийн найман сумын 10 голомтод хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байгаа аж. Нийт 2621 толгой мал өвчилж, 1000 орчим мал хорогдож, 1169 малын шинж тэмдэг арилсан бол тусгаарлалтад 475 толгой мал байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор