Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг УИХ-аас өчигдөр зохион байгуулж, улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр зөвхөн эдгээр төслийг тойрч ярилцсангүй. Засгийн газраас боловсруулан санал авч буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд оролцогчид байр сууриа хэлж байлаа. Тухайлбал, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсгийн түвшинд “УИХ нэг танхимтай, 108 гишүүнтэй байх бөгөөд 54-ийг нь олонхыг төлөөлөх, 54-ийг нь хувь тэнцүүлсэн зарчмаар сонгоно” гэсэн заалтыг төсөлд оруулж байсан. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн ч нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад “унасан”. АН-ынхны үл ойлголцлоос болж энэ саналыг дэмжээгүй. Харин одоо 2019 оны нэмэлт, өөрчлөлтөд оруулж чадаагүй зохицуулалтыг гүйцээн батлах, эсэх талаар ярьж байна” гэв.
Мөн УИХ-ын дарга намууд авлига, хээл хахууль зэрэг олон сөрөг асуудлын эх үндэс болж буйг дурдаад, “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэгчлэн сонгуульд нэр дэвшүүлж байгаа гол институц болох намуудаа цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой” гэлээ. Түүнчлэн Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл “Улс төрийн намын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно” гэж заасныг шинэчилсэн найруулгын төсөлд оруулаагүй, хассаныг шүүмжилсэн бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Дээрх хоёр төсөлд нам төдийгүй нийт иргэнд таалагдахгүй заалтууд байгааг онцлон, тэдгээрийг эргэн харж, хориглолт, хязгаарлалт бүхий зохицуулалтуудыг багасгахыг хүслээ.
Бэлтгэсэн: У.Наран