Манай орны нийт нутагт өнгөрсөн өвөл цас ихтэй, хүйтэн байсан. Улмаар өдгөө салхи шуурга ихтэй, хүйтэн байгаагаас малчид зутруухан хаваржиж буй аж. Үүнээс шалтгаалан малын тэжээлийн нөөц хомсдож, үнэ нь нэмэгджээ. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуун “Өнгөрсөн өвөл нийт нутгийн 40 орчим хувь нь цагаан, 30 гаруй хувь нь харын зудтай байлаа. Хаваржилтын нөхцөл байдал ч хүндэрсэн учраас манай яамнаас шуурхай штаб байгуулан, аймгуудын төлөөлөлтэй өдөр бүр холбогдон, мэдээлэл авч, зарим асуудлыг Засгийн газар, УОК-оор шийдвэрлүүлж байгаа. Тухайлбал, улсын нөөцөөс 14 аймагт 1.1 тн өвс, 8624 тн тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн “Дэлхийн зөн”, Монголын улаан загалмай нийгэмлэг, НҮБ, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагаас одоогоор малчдад 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дотооддоо бэлтгэсэн хадлан, малын тэжээлийн 95 орчим хувийг зарцуулж дууссан. Тиймээс зарим газар өвс, тэжээлийн эрэлт нэмэгдсэн” гэв.
Түүнчлэн өвс, тэжээлийн үнэ хэр нэмэгдсэнийг дээрх газрын мэргэжилтэн Ж.Цогтбаатараас лавлахад “Өмнөх жилийнхтэй харьцуулахад тэжээлийн үнэ 15-20 хувиар өссөн. Нөөц ч нэлээд багасаж байгаа. Одоогоор гурил, тэжээлийн үйлдвэрүүдэд хивгийн791.4, хүчит тэжээлийн үйлдвэрүүдэд багсармал, эрдэст тэжээлийн 200-350 тн нөөц бий. Нэг тн хивгийг 520 000-800 000 төгрөгөөр борлуулдаг. Яамны зүгээс тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нөөцийг зохих түвшинд байлгахад анхаарч буй. Тухайлбал, тэжээлийн үйлдвэрүүдтэй холбогдон нөөцийг тасалдуулахгүй байх, орон нутгийнханд аль болох хямдралтай үнээр борлуулах чиглэл өгсөн. Улсын хэмжээнд 50 орчим үйлдвэр байдгаас 30 нь байнгын ажиллагаатай. Үнийг тогтворжуулах, улмаар бууруулахаар ШӨХТГ-т хандаж, албан ёсоор хяналт тавьж, хамтран ажиллах санал хүргүүлсэн. Мөнорон нутагт тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр олгох зэрэг арга хэмжээ авч байна” хэмээв.
Бэлтгэсэн: Б.Очгэрэл