“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон шалгуулж, заримынх нь гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байгаа билээ. АТГ-ынхан тус үйлдвэрийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох өөр нэг хэргийг удахгүй шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлэхээр болж буй гэнэ. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн сарын эхэнд “Эрдэнэт үйлдвэр”-т хууль сахиулах байгууллагынхан нэгжлэг хийж, албан тушаалтнуудыг саатуулан эд мөрийн баримтаар гурван тэрбум төгрөг хураан авсан” гэх мэдээлэл цацагдсан. Чухам хэн гэдэг, ямар албан тушаал эрхэлдэг хүмүүсийг саатуулан шалгаж буй нь тодорхойгүй байсан юм. Бидэнд олдсон мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун тэргүүтэй хүмүүсийг өнгөрсөн хоёрдугаар сараас АТГ-ынхан шалгаж, ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийжээ. Улмаар нэр бүхий холбогдогчийнхоос 500 сая орчим төгрөг хураан авсан гэнэ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулсан аж. Тиймээс тус үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуунтай хамт 4-5 хүнийг шалгасан бөгөөд дээрх үйлдлээс гадна хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгаж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтнуудтай холбоотой өөр нэг мэдээллийг ташрамд хүргэе. Тус үйлдвэрийн ерөнхий захирлын I орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, түүний жолооч Б.Энхбаатар, ТӨБЗГ-ын мэргэжилтэн Д.Болортуяа, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Д.Сэлэнгэ, Автотээврийн цехийн дарга, дуудлагаар худалдсан “Лексус-570”, “BMW-535”, “Тоёота хаис” загварын тээврийн хэрэгслүүдийн доодүнийг тогтоож өгсөн хэрэгт буруутгагдаж буй Я.Дамдиндорж, “BMW-535”, “Тоёота хаис” автомашиныг зах зээлийн үнээс хэт багаар худалдан авсан иргэн Б.Баасандорж нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэхээр товлоод байсан. Гэвч тус шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг хурлыг хойшлуулах захирамж гаргажээ. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч нар “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хуралд оролцож буй учраас хойшлуулах хүсэлт хүргүүлснийг шүүгч хүлээн авсан байна.