Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Соён гэгээрүүлэх алба Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 11 сумын 2320 гаруй иргэдэд хууль сурталчлах, эрх зүйн чиглэлээр мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх ажлыг хийлээ.
Тус ажлын хэсэгт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Н.Батмөнх, аймгийн ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Машбат нар болон аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар анги хамтран ажилласан юм.
Тус сургалтад орон нутгийн ард иргэд болон төрийн албан хаагч, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хамрагдсан бөгөөд түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, Хилийн тухай хууль, хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд, аж ахуйн нэгжийн эрх үүрэг, гэрээт хилчнээр Хил хамгаалах байгууллагад ажиллах боломж нөхцөлийн талаар болон зам тээврийн осол, гэмтэл, хууль бус ан агнуур, мод бэлтгэл, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг, ой хээрийн түймэр, гол, нуурын усанд осолдох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чиглэлээр эрх зүйн сургалт, мэдээлэл, хууль сурталчлах арга хэмжээг зохион байгуулж үйл ажиллагааны талаар сургалт орсон юм. Сургалтын төгсгөлд цэрэг-эх орны сэдэвт “Миний эх орон” сэдэвт урлагийн тоглолтыг хүргэж, соён гэгээрүүлэх ажлыг хийлээ.