“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдээс хил, гаалийнхан холбогдсон хэргийг шүүх шийдвэрлэлээ. НПГ-аас 58 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсний нэгийг ийнхүү Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн тогтоолоо гаргасан байна.
Гашуун сухайтын боомтын гаалийн байцаагч Д.Эрдэнэбаяр, хилийн цэргийн 0131 дүгээр ангийн тус боомт дахь шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Д.Амартүвшин, бичиг баримтын шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгэр анд тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Ариунболд, “Ханбогд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энх-Амгалан, тус компанийн зохион байгуулагч Т.Мөрөн нарт холбогдох хэргийг НПГ-ын ажлын хэсгийнхэн гуравдугаар сарын 20-доор дээрх шүүхэд шилжүүлсэн юм.
Бидний авсан мэдээллээр БНХАУ-ын “Өвөр Монголын жин чан эрчим хүч” компанийн хөрөнгө оруулалттай “Тэнгэр анд тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Ариунболд 2022 оны гуравдугаар сарын 12-нд нэг тээврийн хэрэгслийг Гашуун сухайтын боомтоор нэвтрүүлсний хариуд хилийн цэргийн 0131 дүгээр ангийн шалгагч М.Дэлгэржунай, У.Доржжүгдэр, Ж.Даваасүрэн нарт тус бүрт нь нэг сая төгрөгийн хахууль өгсөн аж.
Хилийн цэргийн 031 дүгээр ангийн Гашуун сухайтын боомтын хилчин шалгагч У.Доржжүгдэрт “Ханбогд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энх-Амгалан, зохион байгуулагч Т.Мөрөн нар өөрийнхөө болон Г.Мөнхдөл гүйцэтгэх захиралтай “Монпропахолдинг” компанийн эзэмшлийн нүүрс ачсан таван автомашиныг 2022 оны дөрөвдүгээр сард хилээр нэвтрүүлэхийн тулд 10 сая төгрөгийн хахууль өгчээ. Дээрх хоёр компанийн тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийн тулд хилчин шалгагч М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Т.Мөрөнгөөс 18 сая төгрөг авсан нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. Шүүхээс хилчин шалгагч нарт тус бүрт нь нэг сая төгрөгийн хахууль өгсөн Н.Ариунболдод нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Хилийн цэргийн 031 дүгээр ангийн хилчин шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржурай, Ж.Даваасүрэн нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, тус бүрийг нь 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албаны орлогчоор ажиллаж байсан Д.Амартүвшинг Ж.Даваасүрэн, М.Дэлгэржунай, У.Доржжүгдэр нартай үгсэн тохиролцож, О.Энх-Амгалан, Т.Мөрөн нарын ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг”, “Монпропахолдинг” ХХК-ийн нэр дээрх нүүрс ачсан 15 тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж зохиххууль дүрэм, журмын дагуу хариуцлага тооцоогүйнхээ хариуд Т.Мөрөнгөөс 12 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай гэж дүгнэжээ. Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Гашуунсухайт дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагч Д.Эрдэнэбаярыг “Ханбогд инженеринг”, “Монпропахолдинг” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрлэдэг хүнд даацын 15 автомашиныг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж О.Энх-Амгаланд давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Харин “Ханбогд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энх-Амгалан, зохион байгуулагч Т.Мөрөн нарыг хил, гаалийн ажилтнуудад хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгохоор боллоо.