Ерөнхий боловсролын сурагч охиныг дарамтлан хүчиндэх гэж байсан этгээдийг цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчилж, бага насны хүүхдийн ирээдүйг хамгаалан, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагч охидтой фэйсбүүкээр чатлан нүцгэн зураг, бичлэгийг нь хуурч мэхлэн хийлгэж авдаг, түүгээрээ дарамтлан бэлгийн харьцаанд орохыг шаарддаг гэмт хэрэг үйлдэж байсан залууг цагдаагийнхан саатуулаад байна. Налайх дүүргийн нутгаас уг залуу энэ сарын 20-нд ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн сурагчийг "Приус" загварын автомашиндаа суулган хээр аваачжээ.
Улмаар түүнийг бэлгийн харьцаанд орохыг шаардаж хүчиндэх гэж байхад нь цагдаагийнхан таслан зогсоож баривчилсан аж. Сэжигтэй эр мессеж болон фэйсбүүк чатаар олон охинтой харилцан мессеж бичээд зогсохгүй урьд нь гурван сурагчийг дарамтлан бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нотлох баримт ч зурвасаас нь илэрсэн гэнэ. Цагдаагийнхан түүнд яллагдагчаар татах тогтоол танилцуулан, прокурор, шүүхийн зөвшөөрлөөр цагдан хориод буй юм.
Айлын цэцэг, цэврүү шиг охиныг гэмт халдлагад өртөж, хохирохоос хамгаалж, цаашдын амьдралыг нь аварч чадсан цагдаагийнханд талархал илэрхийлье. Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ хяналтгүй байгаа учир энэ мэт гэмт хэргийн золиос болж, эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирч болзошгүй байгаа. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн бага насны охидоо хэнтэй цахимаар харилцаж байгаад хяналт тавьж, хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.