Эрдэнэбүрэний УЦС-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус сумын иргэдтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах төслийн талбайд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэргэлтийн нэг нь Эрчим хүчний сэргэлт юм. 90МВТ-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэний усан цахилгаан станц нь дээрх зорилтод хүрэхэд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон чухал ажлуудын нэг юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх усан цахилгаан станц Эрдэнэбүрэн сумын байгаль экологид ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосныг тэмдэглэж, дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хэрэгцээгээ хангах зорилтыг дэмжиж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.
Өнөөдөр баруун бүс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг дотоодын эрчим хүчээс 6-8 дахин өндөр үнэтэй импортын эрчим хүчээр хангадаг. Баруун аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ хангалттай нэмэгдэхгүй байгаа нь эрчим хүчний хомсдолтой шууд холбоотой юм. Усан цахилгаан станцын барилга угсралтын үед 1000 гаруй хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд тооцож байна.
Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт хүчин чадалтай байх бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.