Хан-Уул дүүргийн XX хорооны нутагт арьс, шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 13 үйлдвэрийн хаягдал уснаас дээж авч шинжлэхэд 80 хувь нь стандартын шаардлага хангаагүйг БОАЖЯ-ны Салбарын хяналтын газраас мэдээллээ. Эдгээр үйлдвэрээс гарсан хаягдал усыг УСУГ-ын харьяа “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжид хүлээн авч буй ч стандартын түвшинд цэвэршүүлж чадалгүй Төв цэвэрлэх байгууламж руу шууд нийлүүлж байгааг шалгалтын үеэр тогтоожээ. “Харгиа”-гаас гарсан усыг шинжлэхэд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч Хүрээлэн буй орчин, усны чанар, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх ус MNS 6561:2015 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.7, хүчил, шүлтийн харьцаа 3.9, жинлэгдэх бодис 2.9 дахин их байсан гэнэ.
Үйлдвэр орчмын хөрснөөс авсан дээжийг шинжлэхэд 89 хувьд нь хром зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.6-13.4 дахин өндөр буюу нэг кг дахь агууламж нь 436.9-745.1 мг гарчээ. Мөн зарим хэсгийн хөрсөн дэх хромын агууламж кг тутамд 2015.8 мг байсан нь аюултай түвшний үзүүлэлтэд хүрсэн байна. Түүнчлэн үйлдвэрийн бусад үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй зөрчлийг энэ үеэр илрүүлсэн аж.
Арьс, ширний үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” руу шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж дээрх газрынхан дүгнэсэн байна. Иймд ЭМЯ, ХХААХҮЯ болон нийслэлийн ЗДТГ-т холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар албан бичиг хүргүүлжээ.