Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Уламбаярын өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.
Тус өргөдөлд хавсаргасан намын гишүүд гэх 641 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт ирүүлсэн үндэслэлээр өргөдлийг буцаасан байна.
Ташрамд дурдахад өнөөдрийн байдлаар дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг аж. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Эл хуулийн төсөлд парламентад суудалгүй ч улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намд төрөөс санхүүжилт болон төрийн шууд бус санхүүжилт олгохоор заалт оруулсан нь олныг бухимдуулаад буй.