Эмэгтэйчүүд сагсан бөмбөгийн дээд лигт нэг хэсэг “залралгүй” завсарласны эцэст энэ жилээс эргэн ирж, гал гарсан тоглолтуудаараа өнгө нэмэв. Лигийн тоглолт эхнээсээ сонирхолтой өрнөсөн болохоор зургаан багаас 2022-2023 оны улирлын аваргаар аль нь цойлж түрүүлэх нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан. Тэднээс “Улаанбаатар амазонс” багийнхан финалын цувралд хоёр дараалж хожсон ч гурав дахь тоглолтод ялагдсан юм. Аваргын цом өргөх, эсэхийг шийдэх тав дахь тоглолтод “Улаанбаатар амазонс”-ынхон ур чадвартай, туршлагатай, мэдрэмжтэй тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Мгарьд”-ынхныг дараалан илүүрхэж, онооны харьцааг 79:65 (4:1) болгон ялалтаар өндөрлүүллээ. Тус багийнхнаас хамгийн залуу тоглогч нь Н.Нандинхүсэл байв. Тэрбээр аваргын цувралын хамгийн чухал эхний тоглолтод 21 оноо, найман самбар авч багаа хожилд хөтөлсөн. Цувралын гурав дахь тоглолтод онооны харьцаа 1:1 болж, ялалт хаашаа ч эргэж магадгүй эгзэгтэй үед тэрбээр мөн л хожлын шидэлт хийж, багийнхандаа итгэл найдвар төрүүлсэн нь аваргаар тодроход багагүй нөлөөлсөн юм. Дээд лигт өрсөлдсөн багуудаас “Улаанбаатар амазонс”-ынхон амжилтынхаа гарааг аваргын цомтой эхлүүлж, шагналынхаа салхийг алтан медалиар хагалав. Энэ удаа үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан О.Хулан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг билээ.