“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдах албан тушаалтны өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох бичиг баримтууд, гэрээнүүдийг хураан авлаа. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболдод холбогдох хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзоригийн өрөөнд нэгжлэг хийсэн аж.
Өмнө нь ХЗДХЯ-нд мэргэжилтэн, ШӨХТГ-ын хэлтсийн дарга, дэд дарга, ТӨБЗГ-ын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан А.Ариунболд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад аравдугаар сард чөлөөлөгдсөн билээ. Энэ хооронд тэрбээр төмрийн хүдэр тээвэрлэхээр авсан вагонуудаа хувийн аж ахуйн нэгжид түрээсэлж, тухайн компанийнханд давуу байдал олгон ашиг олсон хэрэгт холбогдоод буй юм. А.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдмөгцөө үндэслэлгүйгээр халагдсан хэмээн шүүхэд хандаж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, урамшуулал зэрэгт нийт 135 сая төгрөгийг нөхөн төлбөр болгож эл үйлдвэрээс гаргуулан олгохоор Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж байсан билээ.