МАН: Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжинэ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжжээ. Уг төслийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм. Хуралдааны дараа тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн эл төслөөс дөрвөн зүйлийг онцлов. Тэрбээр “Нэгдүгээрт, намуудыг хариуцлагажуулах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, хоёр сонгуульд дараалан оролцоогүй намыг “идэвхгүй” статустай болгон, тараах хүртэл арга хэмжээ авна. Хоёрдугаарт, нам нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Гуравдугаарт, намын санхүүжилтийг ил тод болгох заалтууд оруулсан байна. Үүний тулд намуудад аудит хийж, тайлангаа ил тод мэдээлээгүй бол хариуцлага тооцно. Дөрөвдүгээрт, намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хороонд өгч байна” гэв.
Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч эхэллээ. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Одоо хийхээр зорьж байгаа өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд 2019 онд оруулаагүй, дутуу орхисон зохицуулалт гэж ойлгож болно. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэг удаа томилогдон ажиллах зэрэг нэмэлт, өөрчлөлтийн талаар 2019 онд ярьж л байсан. Гэвч хэлэлцүүлэг, санал хураалтын явцад “унасан” учраас одоо парламентын тогтолцоогоо боловсронгуй болгохын тулд санал авч байгаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох талаар ярьж байсан ч төсөлд тусгаагүй байна. Шалтгаан нь юу юм бол?
-Одоогоор төсөлд тусгаагүй байх шиг байна. Ер нь энэ асуудал олон талтай учраас шууд хэлэлцэхэд хэцүү. Парламентыг хоёр танхимтай болгох, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох гэх мэт үлдэж буй заалтууд ч байна. Цаашид парламентад олон намын төлөөлөл сонгогдвол эдгээрийг хэлэлцээд явах ёстой.
АН: Сонгуулийн холимог тогтолцоотой байхыг Үндсэн хуульд заах нь зүйтэй
АН-ын бүлгийн хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан байна. Уг төслийг цөөнхийн бүлгийнхэн зарчмын хувьд дэмжжээ. Түүнчлэн тус бүлгийнхэн Хууль зүйн байнгын хорооны удирдлагад шаардлага хүргүүлж, Хүний эрхийн дэд хороог хуралдуулан, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжилтийн талаар ярилцах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн Засгийн газраас санал авч буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар тэд ярилцсан аж. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, сайд асан Х.Тэмүүжин гишүүдэд мэдээлэл өгсөн бөгөөд тэд эл асуудлаарх албан ёсны байр суурийг АН-ын төлөөллийн төв байгууллага илэрхийлэх ёстой гэдэгт санал нэгджээ. Хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хуралд Х.Тэмүүжин оролцож, “2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр АН тодорхой байр суурь илэрхийлж байсан ч хэлэлцүүлгийн үеэр зарчмын шинжтэй гурван асуудал орхигдсон. Тэдгээрийн нэг нь сонгуулийг пропорциональ тогтолцоо бүхий хувилбараар явуулах тухай санал байсан юм. Үүнийг эрх баригчид дөрвөнжилийн дараа дахин хөндөж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар ярьж байна. Цаашид холимог тогтолцоон дахь пропорциональ элементийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Тиймээс Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хувилбарыг 50:50 хувьтайгаар хослуулна гэх мэтээр тоо заан тусгахгүй ч цаашид холимог тогтолцоотой байх суурь зохицуулалтыг зайлшгүй оруулах ёстой. Хоёрдугаарт, иргэн үндсэн эрхээ эдэлж, хангуулахтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах боломж бүрдүүлэх ёстойг анхааруулж байсан. Манай иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж, цугласныхаа төлөө ял авч, шийтгүүлдэг явдал өнөөдөр газар авлаа. Хэрэв иргэд үндсэн эрхээ хамгаалуулах гэж Цэцэд ханддаг байсан бол ийм явдал болохгүй байсан. Гуравдугаарт, төсөлд тусгаагүй зарим асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Тухайлбал, цаазаар авах ялыг халах, прокурорын байгууллагын тогтолцоог эргэж харах, Үндсэн хуулийг дархлаатай байлгах зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй. Ер нь Үндсэн хуульд цомхон нэмэлт, өөрчлөлт хийхийн сацуу түүнийгээ бүрэн зохицуулалттай нь батлах ёстой. Өөрөөр хэлбэл, нэмэлт, өөрчлөлтийг дутуу оруулснаас болж хоёр жилийн дараа дахин төсөл санаачилж, Үндсэн хуулийг тогтворгүй болгох эрсдэлд унагаж байна” гэв.