Хууль тогтоогчид буюу ард түмнээс сонгогдон УИХ-д сууж буй эрхмүүд санаатай, санамсаргүй нь бүү мэд, хуудуутай, цоорхойтой хууль баталсаар байдаг. Цоорхойтой хууль баталснаар хойшид гарах үр дагавар, хор хохирлыг нь ч эрхэм гишүүд судлахгүй, судалсан ч үл ойшоодог бололтой. Уг нь хуудуутай, цоорхойтой хууль баталсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.1-т заасны дагуу хориг тавих ч эрхтэй. Гэвч Ерөнхийлөгч, түүний Тамгын газрынхан, хуулийн зөвлөх нь хуудуутай хуулийн заалтыг нүдээ аниж өнгөрөөснөөр өнөөдөр хууль хэрэглэж буй байгууллага нь ард түмэнд муухай харагдах боллоо. Угтаа бол Ерөнхийлөгч, түүний Тамгын газрынхан цахим орчин дахь шүүмжлэлээс болж Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавихаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхдээ “Ерөнхийлөгчийн анхны хориг, хүлээж аваарай” гэх байдлаар шахахаасаа өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хориг тавьсан бол илүү үр дүнтэй, “гоё” харагдах байлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй хууль тогтоогчид санаачилсан, “Нотол, чадахгүй бол цагаатга” гэсэн зарчим баримталж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны зургадугаар сарын 3-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хууль санаачлагч Б.Энхбаяр “Хууль зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн, дутуу шалгасан хэргийг цаашид шүүх рүү шилжүүлэхгүй болно. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол ялладаг, нотлогдоогүй бол цагаатгадаг шийдвэр гарна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг шийдвэрийн балгаар хэрэг замхардаг, эрүүдэн шүүдэг, шантаажилж, авлига авдаг механизм бүрдээд байсан. Тиймээс хуулийн мафитай хуулиар тэмцэх ёстой гэдэг үүднээс энэ хуулийг баталлаа. Ингэснээр гэм буруугийн шатнаас хэргүүд мөрдөн байцаалтад буцахгүй болж байна” хэмээн тайлбарласан юм даг. Мэдээж шүүхээс элдэв өө сэв хайж, хэрэг буцааж, нөгөөх нь прокурорт очоод замхардгийг болиулах санаа нь зөв.
Гэтэл өнөөдөр шүүх олны анхаарал татсан, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан цөөнгүй хэргийг цагаатгаж шийдвэрлэж байна. Хамгийн сүүлд л гэхэд Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгасан. Ингэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй, буруу тогтоосон нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдал нь хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй” хэмээн хэрэгсэхгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, “нотол, чадахгүй бол цагаатга” гэсэн зарчмыг үндэслэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тодорхойлоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгочихож. Өмнө нь мөрдөж байсан хуулиар уг нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тодорхойлуулахын тулд прокурорт буцаадаг байв. 2022 оны зургадугаар сарын 3-ны нэмэлт, өөрчлөлтийн улмаас эрүүгийн хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурор, шүүхэд буцаах эрхгүй болсон юм. Цагаан захтнуудын холбогдсон өөр нэг бус хэргийг шүүх цагаатгасан. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал асан Б.Баттүвшин нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ мөнөөх л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны зургадугаар сарын 3-нд оруулсан өөрчлөлтийг үндэслэл болгосон байдаг. Харин Улсын дээд шүүх хэрэгсэхгүй болгох тогтоолыг нь хүчингүй болгоод буй билээ. Уг нь бол анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зөрчсөнийг давж заалдах шатны шүүх илрүүлж, дүгнэлтдээ тодорхойлсон байдаг юм билээ. Гэвч хуулийн өөрчлөлтийн улмаас ЖДҮХС-гийн хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ “ШҮДГҮЙ АРСЛАН” БОЛОВ
Улсын хэмжээнд 2022 онд анхан шатны шүүхүүд 14 000 гаруй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэжээ. Үүнээс гомдол, эсэргүүцэл гаргасан 2400-г нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд хэлэлцсэн байна. Ийнхүү хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол хууль зөрчсөн, үндэслэлгүй байсан ч “нүдээ аниад” өнгөрөөж, Дээд шүүх маргааныг тасалбал тасал гээд явуулахаас өөр аргагүй болсон байх юм. Энэ нь өгүүлэн буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн “Бид шүдгүй арслан болсон” хэмээж суугааг хууль тогтоогчдын хуудуутай хуулиас болсон гэчихэд хэтийдсэн болохгүй. 2022 оны зургадугаар сарын 3-нд оруулсан өөрчлөлтөөс үүдэж гэм буруутай олон хүн ял завшсан ч байхыг үгүйсгэхгүй. Эл өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-1.3, 40.8-1.3 дахь заалтыг хүчингүй болгочихоод буй. Ингэснээр хэд хэдэн сөрөг үр дагавар гарчихаад байхад давж заалдах шатны шүүх “нүдээ аниад” өнгөрөөж буй юм. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байдаг. Үүний дагуу анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад буцаасан захирамж үндэслэлгүйгээр шүүгч гаргаж. Эл захирамжийнх нь эсрэг хэргийн оролцогчид гомдол, эсэргүүцэл бичих гэхээр дээрх хуулийн 40.8-1.3 дахь хэсгийн “энэ хуулийн 33.3-1, 34.7-6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг хүчингүй болгосон учраас давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх зөрчигдөж байгаа юм.
Уг нь эл хуулийн 33.3-1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх”-ээр заасан байдаг бол 34.7-6.2-т нь “Улсын яллагч хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргах”-аар хуульчилсан.
Анхан шатны шүүх ял оноохдоо гэмт хэрэгт шийтгүүлээд тэнсэн харгалзаж буй хугацааг нь нэмж нэгтгэн шийдвэрлэх хуулиа хэрэгжүүлээгүй ял завшуулсан тохиолдол ч бий. Түүнийг нь давж заалдах шатны шүүх засаж залруулах гэхээр хуулийн хүчингүй болсон заалтыг хэрэглэж болохгүй учраас “шүдгүй арслан” царайлаад өнгөрөөсөн байх юм. Өмнө нь ийм тохиолдолд анхан шатны шүүхэд нь буцааж хэргийг дахин шийдвэрлүүлэх, эсвэл тэнсэн харгалзах ялаас үлдсэн хоногуудыг нь нэмж нэгтгэн ялыг нь хүндрүүлж, тооцож болдог байж. Гэтэл давж заалдах шатны шүүх ялыг нь нэмж нэгтгэн оноох гэхээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болчихоод байсан гэнэ. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх, хэмжээ байхгүй учраас анхан шатны огтоолыг хэвээр үлдээж гэмт этгээдэд ял завшуулсан байх юм.
ШУДАРГАШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шударга шүүхээр шүүлгэх эрх хүн бүрт бий. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байдаг. Гэтэл 2022 оны зургадугаар сарын 3-нд оруулсан өөрчлөлтөөр зарим зүйл заалтыг хүчингүй болгосон нь хуулийнхаа зорилтыг үгүйсгэчихэв. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 39.9-1.3, 40.8-1.3 дахь заалтыг хүчингүй болгосноор хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох боломжгүй болж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оноох заалттайгаа зөрчилдсөн гэсэн үг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т гэмт хэргийн нотолбол зохих байдлыг тодорхойлсон. Тодруулбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан, хэн үйлдсэн, сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн тогтоох ёстой. Гэвч энэ байдлыг хангалттай нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу тохиолдолд шүүхээс хэргийг прокурорт буцаадаг. Харин “нотол, чадахгүй бол цагаатга” зарчмыг хэрэгжүүлснээр өмнө өгүүлсэн нотолбол зохих байдлыг хангалттай тогтоогоогүй байхад эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдол бий нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль ашигласан гэх зэрэг зөрчил гарч, гэм буруутныг ял завшуулах боломж олгожээ.
2022 оны зургадугаар сарын 3-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан өөрчлөлтийг судалгаагүй, уялдаа холбоогүй, хууль хэрэглэгчдийнхээ санал, зөвлөмжийг сонсоогүй, гарах үр дагаврыг нь тодорхойлолгүй, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль шиг л яаран баталчихсан гэхэд хилсдэхгүй. Ингэснээр давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр доод шатны шүүхэд буцаах эрх хэмжээг үгүй болгож, Эрүүгийн хууль буруу хэрэглэж ял завшуулсан, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль илт зөрчсөн тогтоол, магадлалыг залруулах боломжгүй болчихоод буй. Хуульд нийцээгүй тогтоол, магадлалын алдааг хэрхэн зөвтгөхийг ч хуульд заагаагүй учраас Дээд шүүх ЖДҮХС-гийн хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон Б.Баттүвшин нарын цагаатгах тогтоолыг хүчингүй болгосноос биш, цаашид хэрхэх нь ард түмэнд ойлгомжгүй үлдсэн. Бодвол хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх биз. Хуульд ийм хийдэл гарсан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлаа хийдэггүй түшмэдийн буруу байхыг гүйсгэхгүй. Б.Энхбаяр тэргүүтний төсөлтэй холбогдуулаад гарах үр дагавар, заалтуудын уялдаа холбоог нь нарийвчилж тодорхойлох ажлаа тэд хийгээгүй бололтой.
Шүүхээс хэргийг прокурорт буцаах бус, анхан шатны шүүхдээ байлгаад холбогдох нэмэлт ажиллагаа хийлгэх зарчим барих гэсэн биш, зарим этгээдэд ял завшуулах боломж олгосныгоо даруйхан засах шаардлагатай болжээ, хууль тогтоогчид оо.