“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, эдүгээ тус аймгийн ИТХ-ын даргын албан тушаал хашиж буй Д.Бадрааг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталжээ. Улмаар хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгч Г.Даваанаран шийдвэрлэхгүй байгаа гэнэ. “Нүүрсний” гэх хэргүүд үйлдэгдсэн газар нь тус аймгийн Ханбогд, Цогтцэций сумын нутаг дэвсгэр хамаарч буй. Хэрэг гарсан газар нутгийнх нь шүүхээр олны анхаарал татсан эл хэргүүдийг шийдвэрлүүлэх биз. Харин шүүхийнхэн нь тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Д.Бадраа, сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтны холбогдсон хэргүүдийг шийдвэрлэхгүй, нөлөөнд нь ороод байх юм биш биз гэсэн хардлага гарах болов. Д.Бадраад таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шийдвэрлэхгүй байгаа нь уг хардлагыг баталж байж ч болох юм.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Д.Бадраагийн хувьд Цагаан хадны суурьшлын бүсэд 2020-2021 онд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон. Ингэхдээ хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцоод буй юм.