Ой хэрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид Дэлүүн сумын хэсгийн цагдаа нарын бүрэлдэхүүнтэй Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Чигэртэй Тугал нуур хэсэгт хяналтын постод ажиллав.
Мөн Тусгай хамгаалалттай газар болон орчны бүсэд амьдардаг малчин иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг танилцуулан, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэд, аж ахуй нэгжүүдийг урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах, болзошгүй аюулыг илрүүлэн таслан зогсоосноор цаашид гарах хор уршгийг бууруулах тул БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Ташрамд дурдахад, он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ.