АН: Төрөөс санхүүжилт олгох нэрээр намын бие даасан байдалд нөлөөлөх вий
УИХ дахь намын бүлгүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өглөө. АН-ын бүлгийнхэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцсан байна. Эл төслийг Ерөнхийлөгч ойрын үед өргөн барих гэнэ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар АН-ын байр суурийг нэгтгэх дэд ажлын хэсгийг тус намын гишүүн М.Чимэддорж ахалж буй бөгөөд тэрбээр гишүүдэд мэдээлэл өгчээ.
М.Чимэддорж хэвлэлийн бага хуралд оролцон, мэдээлэл өгөхдөө “Улс төрийн санхүүжилт нь төр элдэв ашиг сонирхлоос ангид ажиллаж чадах, эсэхтэй шууд холбоотой учраас онцгой анхаарал хандуулах ёстой. Хуулиар тогтоосон хандив, авч болох санхүүжилтийн дээд хязгаарыг тогтоох нь зүйтэй. Мөн төрөөс санхүүжилт олгох нэрээр намын бие даасан байдал, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж, нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бий. Үүнээс гадна намын бүтэц, зохион байгуулалтыг зайлшгүй хуулиар тогтоох шаардлага тулгарч байна. Энэ нь намын дотоод ардчиллыг сайжруулахын сацуу тэдэнд хяналт тавих үндсэн механизм болох юм. Тэр дундаа намын байгууллагуудын харилцан хяналтыг тодорхой зохицуулах ёстой. Түүнчлэн нам цомхон бөгөөд бага зардлаар үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор намын өмчтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулах санал дэвшүүлж байна. Тухайлбал, өмчөө барьцаалан зээл авах, бусдад түрээслэх замаар орлого олохыг хязгаарлах шаардлагатай” гэв.
Энэ тухай АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Нам гишүүдээс дэнчин авахыг хязгаарлахаар дээрх төсөлд тусгасан юм билээ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс салгаж авч үзэх аргагүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардлыг аль болох бага байлгах хөшүүрэг, зохицуулалтыг хуульд бий болгож байж намаас зарцуулах мөнгө, санхүүжилт буурна” гээд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Гэхдээ АН-ын саналыг даргатайгаа зөвшилцсөний дараа Ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлнэ гэв.
МАН: Хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоно
МАН-ын бүлгийнхэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг сонслоо. Хурлын шийдвэрийн талаар тус бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийв. Сайд Ч.Хүрэлбаатар “2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өссөн. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оноос хойших хугацаанд эдийн засаг 1.7 хувиар өслөө. Цаашдаа эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, тогтвортой, өндөр хэмжээнд хүргэхэд доод тал нь гурван жилийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Саяхан ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал болон бусад орны ерөнхий хандлагыг тайлагнасан.
Дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 2023, 2024 онд гурван хувиас бага байхаар буй ч манай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын гол түнш БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлтөө хамгийн багадаа таван хувьд барихаар тооцож байна. Бид энэ боломжийг ашигласан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай” гээд Хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх саналаа бүлгийн гишүүд хэлснийг дурдлаа. Харин төсөв, эдийн засгийг тогтворжуулахын тулд дараах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэйг олонхын бүлгийн гишүүд хэлжээ. Тодруулбал, инфляцыг бууруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолжээ.