Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
Урд шөнө би хар дарж зүүдэллээ Урт гар намайг зовооно… Энэ дуу ингэж эхэлдэг.
Энэ дуу бол эрх чөлөөний дуу. Энэ дуу бол Хонхны дуу… Хонхны дуу биднийг сэрээсэн гучин гурван жилийн өмнөх хаврыг эргэн санацгаая. 1990 оны 4 дүгээр сарын 7 бол 70 жил завсаргүй засагласан нэг намын тогтолцоог халж, огт өөр нам, цоо шинэ улс төрийн хүчин мэндэлснийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн өдөр байсан юм. 1990 оны 2 сарын 17-ны өдөр байгуулагдсанаа зарласан Монголын Ардчилсан нам 4 сарын 7-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Өнөөдөр бол Ардчилсан намыг төр бүртгэн авч, “төрсний гэрчилгээ” олгосон өдөр нь. Тэр жилийн дөрөвдүгээр сарын 7 бол Монголын нийгэмд хараацай дүүлэн ирсэн хаврын өдөр байсан. Ардчиллын алтан хараацай тулгалт биш сонголт авчирч, шинэ цагийг зарласан. Өмчтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй монгол хүн тэр шинэ цагийн бүтээл байсан. Шинэ цагийг, шинэ сэтгэлгээг, шинэ нийгмийг, шинэ Монголыг авчирсан Ардчилсан намын үе үеийн, мянга мянган гишүүн, дэмжигч та бүхэнд энэ билэгт сайхан өдрийн баяр хүргэж, мэхийн ёслое. Өнөөдөр эргэн дурсах, дүгнэн цэгнэх, бахархах, баярлах өдөр. Өнөөдөр бас эе эв, эрх чөлөөний талаар, тулгарсан сорилтыг туулан давах талаар цугтаа чуулж, хамтдаа хэлэлцэх өдөр. Явсан замаа эргээд харахад Ардчилсан нам шиг жинхэнэ ардчилсан нам ардчилсан Монгол улсад байгаагүй, одоогоор ч байхгүй гэдгийг баталгаатай хэлье. Бид бол “хөшигний арын” улс төрийн хүчин биш ээ. Алдаа нь ч, оноо нь ч ард түмнийхээ нүдэн дээр ил байж, зэмлэл, магтаал хоёрыг зэрэг үүрч явдаг нам бол манай нам. Алдаж эндэхэд хатуу багш шиг байдаг, амжилтад хүрэхэд аав ээж шиг урам өгдөг эгэл жирийн иргэд, сонгогчид та бүхэндээ баярлалаа. Ардчилсан нам бол дарга нарын нам биш, эгэл жирийн иргэдийн нам. “Сайн явбал мартаарай, зовох цагтаа санаарай” гэж “Никитон” хамтлагийн нэг дуунд гардаг. Ардчилсан нам бол чухам тэр дуунд гардаг шиг ард олон ядарч зовох цагтаа санан дууддаг “эрчимт эмчилгээний” баг юм. Үнэн байдлыг өмнөөс маань хэлж дуугарч, эрх баригчдыг шахаж тэмцэж өгөөч гэж ард олон өнөөдөр Ардчилсан намаас хүсч байна. Бардсан олонх, эрдсэн эрх баригчдын элдэв дарамтад цөхөрсөн эгэл жирийн монгол хүн биднийг дуудаж байна. Урд шөнийн зүүдэнд хар дарж зовоосон “урт гар”-аас салгаж өгөхийг Ардчилсан намаас ард түмэн ахиад хүсэж байна. Данхайсан төр дахиад амилан босч ирэхийг харах гэж 33 жилийн өмнө монголчууд тэмцсэн юм гэж үү? Эрх мэдэл эргээд Улс төрийн товчоо шиг хэдхэн хүний гарт төвлөрөхийг хараад, харамсаад, халаглаад суух юм уу?
Ардчилсан засгийн үед 10 хүрэхгүй яамтай болгоод, зүтгээд ирсэн түүх хуучраагүй байхад бараг 20 сайдтай эрх баригчид маань бидний дэвшүүлсэн “Цомхон, чадварлаг төр” зорилтыг тарни шиг давтан байгаа нь тоглоом уу, шоглоом уу? Өнөөдөр хөдөлмөрийн насны хүн амын маань 16 хувь буюу 209 мянган хүн төрөөс цалинжиж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, аж ахуйн нэгжүүдийн өр 10,8 их наяд төгрөгт хүрлээ. Төр хамгийн том ажил олгогч, бас хамгийн алдагдалтай бизнес эрхлэгч болжээ. Төр томорч данхайх тусам түмэн олны нуруу бөхийж, нугарч байдаг. Ардчилсан нам ард түмнийхээ нурууг тэнийлгэх болно оо. Бид дэлхийн талыг нөмөрсөн коммунист утопийг нураалцсан. Бид эргээд социализм байгуулахыг хараад суухгүй ээ. Тийм ээ, иргэн нь төрд биш, төр нь иргэндээ үйлчилдэг, хувь хүний эрх, эрх чөлөө тэгш хангагдсан тэр цагийг авчрах гэсэн 33 жилийн өмнөх зорилго маань хуучраагүй байна. Бүрэн биелээгүй учраас гэрийн даалгавар маань хуучраагүй, шинээрээ байгаа юм. Бизнесийн орчин нь эрүүл, татварын тогтолцоо нь шударга, ард олон нь ардчиллын үр шимийг жигд хүртсэн, ажилтай, орлоготой, эрүүл чийрэг хүн зонтой үндэсний сэргэн мандалтын цаг бүрэн утгаараа хараахан ирээгүй байна. Хангалттай цаг байсан ч хангалттай үр дүнд хүрээгүй маань хатуу ч гэсэн үнээн. Харамсалтай… “Хонхны дуу”-нд гардаг “урт гар” биднийг зовоосон хэвээр байгаа учраас харц дээгүүр, нуруу цэх, дэлхийн монгол хүний төлөө нэгдэх, тэмцэх цаг иржээ. Төрийн машин иргэдийнхээ хэлэх үгийг боогдуулж, харах нүдийг халхалсаар байгаа учраас гучин гурван жилийн өмнөх шигээ сэрэх, сэргэх цаг болжээ.Өнөөдөр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөс нь мөнгөн торгууль, цахим гав, хорих ял болсон байна. Эрх баригчид маань тэртээх 1990 оны ээдрээт хавар ч үзээгүй хавчлага хилсдүүлэлт, хатуурхал дарамтыг XXI зууны 20-иод онд иргэддээ үүрүүлэн тохож байна. Манай нам Монгол оронд хүний эрхийг авчирсан, үзэл баримтлалынхаа тулгуур зарчим гэж тунхаглан зарласан улс төрийн хүчин. Ардчилсан нам бол иргэдээ өмөөрөх итгэл үнэмшилтэй, хүний эрхийг хамгаалах унаган соёлтой нам. Тийм ч учраас үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрх чөлөөгөө хасуулсан иргэдийг нэн даруй суллахыг бид шаардаж байна. Шийдвэр гаргагчид хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаад зогсохгүй иргэдийнхээ халаасыг хоослож, төсвийн түрийвчийг нимгэлж байна.
Нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 10 жил өссөнгүй, 5000 доллар ч хүрэхгүй байрандаа дэвхцсээр. Гурван монгол хүн тутмын 1 нь ядуу хэвээр. Эдийн засгийн эрх чөлөөгүй бол эрх чөлөөний тухай бүхий л яриа хоосон тунхаглал болдгийг 33 жилийн туулсан зам, туршлага сорилт маань бидэнд харууллаа. Хувь хүний эрх, түүний дотор өмчийн эрхийг хүлээн зөвшөөрч, хүндлэн дээдлэх нь Арчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлал юм. Нийгмийн амьдралын хөдөлгөгч хүч нь иргэдийн эрх чөлөө, хувийн санаачилгад суурилсан эдийн засгийн бодлого байдаг. Харин өнөөдөр Монголын нийгмийн хөдөлгүүр нь суртал ухуулга, уриа лоозон, “тархи угаалт” болжээ. Иргэд маань эрх баригчдын гоё нэртэй зорилт, сүржин эхлээд даржин дуусдаг хөтөлбөрүүдийг идэж цадахгүй, түлж дулаацахгүй нь гашуун үнэн. Сайжруулах, тэмцэх жилүүд, эрчимжүүлэх, сэргээх хөтөлбөрүүд, төрийн ордонд төсвийн мөнгөөр чуулдаг “улсын зөвлөгөөн” нэртэй арга хэмжээ цөөдөөгүй. Ард олон ажилтай, орлоготой байж, амар тайван, хангалуун чинээлэг амьдрахыг хүсч байна. Чухамхүү чинээлэг иргэнээс чинээлэг үндэстэн бүрддэг. Ардчилсан намын хамгийн ойрын, эн тэргүүний зорилт бол чинээлэг үндэстэн болох. “Бага-дунд орлоготой орон” гэдэг ангилалд Монгол гэдэг айл арай л олон жил явлаа. Гучин жилийн дотор хөгжлийн ямар том дэвшил хийж болдгийг бусдын жишээн дээр атаархангуй харж ханалаа.
Чадварлаг, хөдөлмөрч залуус маань эх орондоо биш хилийн чанадад ажиллахыг илүүд үзэх болжээ. Монголын маань оюун тархи гадагшаа дүрвэж байна. Одоо өөрчлөх цаг болсон. Өрх гэрээ ч, улс гэрээ ч, өөрсдийгөө ч өөрчилж, өөд нь татаж, чинээлэг үндэстэн болох цаг болсон. Эвдрэлцэх биш эвлэх цаг болсон. Тунхаглах биш хэрэгжүүлэх цаг болсон. Бид биш бол өөр хэн гэж? Одоо биш бол дараа хэзээ гэж? Монголдоо биш бол ондоо хаана гэж? Цугтаа биш бол өөр хэнтэй гэж? Манай нам Монгол улсын Үндсэн хуульд тунхагласан суурь зарчмуудыг тууштай хамгаалж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөний талд бат зогсож ирсэн. Цаашид ч тийм хэвээр байх болно. Бид өмчтэй, эрх чөлөөтэй монгол хүний талд байх болно. Ардчилсан нам ард түмнийхээ талд байна. Дэлхийд 19-д ордог газар нутаг, 71 сая тоо толгой мал сүрэг, асар их байгалийн баялаг, идэр залуу, чадварлаг хүн ам бидэнд байна. Чинээлэг үндэстэн байх бүхий л нөхцөл боломж, их хувь заяаг монголчууд бид ёстой л амандаа зуусан улс. Хөгжлийн чөдөр болсон “Урт гар”-ыг мухарлаж чадах зүрх сэтгэл, хүсэл зориг ард түмэнд маань ч, Ардчилсан намд ч бий. Би итгэж байна. Бид итгэж байна. Монголчууд хүсч, хүлээж байна. Ардчилсан нам ирэх сонгуулийн үр дүнгээр ард түмэнтэйгээ хамтарч, зорилгоо ажил болгоно. Хамтдаа зүтгэх ч болно, үр дүнг нь үзэх ч болно. Цогтсайханы маань цогтой дуунд гардагчлан “Хонхны дуу биднийг сэрээж, хүслийг түгээх” болтугай. Ардчилал, эрх чөлөөний үнэ цэнийг өнө мөнхөд сануулах “өнгөлөг хонхны дуу өртөөлөнхөн цуурайтсаар өргөн талыг туулаарай!” Хатан зориг, бүхий л чадлаараа хайртай Монгол орноо мандуулъя.