Ираны нийслэл Тегеран дахь Их Британийн ЭСЯ руу жагсагчид дайрсан тухай AFP мэдээлжээ. Ираны хэвлэлүүдэд мэдээлснээр жагсагчид дипломат төлөөлөгчийн газар руу чулуу, мод шидэн, цонхнуудыг нь хагалж, Их Британийн далбааг шатаасан гэнэ. Үүний зэрэгцээ Их Британиас Тегеранд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доминик Чилкоттыг эх орон руу нь буцаах шийдвэр гаргаснаа тус улсын Гадаад хэргийн яам энэ сарын 28-нд мэдэгдсэн юм.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан илтгэлд Иран цөмийн зэвсэг хийж байж магадгүй хэмээн дурдсан. Ираны эрх баригчид энэ мэдээллийг няцааж, зөвхөн энхийн зорилгоор уран баяжуулж буй гэдгээ илэрхийлсэн юм. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт АНУ, Их Британи, Канад Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, үүнийг эсэргүүцсэн иранчууд жагсаал зохион байгуулсан билээ.
Х.ОД