Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 14 цаг 50 минутад Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, Энгэр ус баг Оорцог гэх газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайн газарт “Экскаватор тогтоол усруу унаж, жолооч нь гарч ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Hyundai маркийн экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн нь тогтоогджээ. Экскаватор болон амь хохирогчийг татан гаргахаар Онцгой байдлын алба хаагчид өнөөдрийг хүртэл ажиллаж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.