Монгол Улсын бүртгэлийн санд 2022 оны байдлаар 54819 мотоцикл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй мотоциклын 10384 буюу 18:9 хувь нь Улаанбаатар хотод, 44435 буюу 81.1 хувь нь орон нутагт ашиглагддаг.
Мотоциклын хэрэглээгээр Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас өндөр байна. Улсын хэмжээнд 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 480 бүртгэгдэж 120 хүний амь нас хохирч, 242 хүн гэмтсэн.
Уг ослын 350 /72,9 хувь/ орон нутагт, 130 /27.1 хувь/ Улаанбаатарт бүртгэгдсэн. Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзэхэд жолооч 107 /89.2 хувь/, зорчигч 12 /10 хувь/, мотоцикл түрж явсан 1 хүн амь насаа алдсан байна. Мотоциклоор үйлдэгдсэн 480 зам тээврийн ослын 182 /37.9 хувь/ нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, 91 /19 хувь/ нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 77 /16 хувь/ нь аюул саад тулгарах үед зогсох арга хэмжээ авч чадаагүй жолоочийн буруутай үйлдэл эзэлсэн. Дулааны улирал эхэлж буй тул жолоочид замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг албаныхан санууллаа.