Өмнөд Осетэд болсон Ерөнхийлөгчийн с о н г у у л и й н хоёрдугаар шатны санал хураалтад сөрөг хүчний намаас нэр дэвшигч Алла Жиоева 56.7 хувийн санал авч тэргүүлсэн байна. Тэрбээр “Кремлийн бууны нохой” хэмээгддэг Анатолий Бибиловоос 4.5 мянган санал илүү авсан тухай тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ. Үүний зэрэгцээ Өмнөд Осетийн Дээд шүүх Сонгуулийн төв хороог татан буулгаж магадгүй гэх таамаглал газар авчээ.
Сонгуулийн төв хороог хэрэв татан буулгавал сонгуулийн нэгдсэн дүн тав хоногийн дараа гарах аж. Гэтэл санал хураалтыг ажигласан гадаад, дотоодын төлөөлөгчид сонгуулийн үеэр ямар нэгэн будлиан гараагүй хэмээн мэдэгдэж буй. Сонгуулийн нэгдсэн дүнг албан ёсоор зарлаагүй байгаа ч Алла Жиоева Засгийн газраа бүрдүүлж эхэлсэн хэмээн Оросын хэвлэлүүдэд онцолжээ. Тэрбээр өрсөлдөгч Анатолий Бибиловт хандан ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев тэргүүтэй эрх баригчид А.Бибиловыг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж байв. “50 орчим мянган хүнтэй улсад өөрийн хүнээ Ерөнхийлөгчөөр тавих гэсэн Оросын эрх баригчдын хүсэл биелсэнгүй” хэмээн энэ талаар гадааадын хэвлэлүүдэд бичжээ.
Х.ОД