ОХУ-ын Улаан-Үдэд зохион байгуулсан, 15 хүртэлх насныхны олон улсын өсвөр үеийнхний “Триумф энержи” лигийн II шатанд манайхаас Монголын жүдо академийн хөвгүүдийн баг оролцлоо. Тэд Алс Дорнодын холбооны бүсэд харьяалагдан, таван орны 2000 гаруй тамирчинтай долоон дивизионд хуваагдаж хүч сорив. Тэднээс 60 кг-д Б.Мөнгөндөл өрсөлдөгчдөдөө нэг ч ялагдалгүй буулган авч, тэргүүн байрт шалгарав. Тэгвэл 66 кг-д Б.Эрдэмбилэг мөнгө, П.Азжаргал хүрэл медаль хүртжээ. Ийнхүү Монголын жүдо академийнхан тус тэмцээнээс иж бүрэн медальтай ирэв. Жүдо бөхтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, үндэсний шигшээ багийнхан Гүржийн Тбилиси хотоос дараагийн “Их дуулга”-д зодоглохоор Туркийн Антальяг зорьжээ. Тэнд 84 орны 620 жүдоч өрсөлдөх тэмцээнд ОУХМ Б.Эрхэмбаяр (66 кг), Г.Алтанбагана, Л.Сосорбарам (52), Л.Энхрийлэн (57) нар барилдахаар мөн очсон байна.