АНУ-ын Оюутны лиг (NCAA)-ийн I дивизионд Монголын сагсан бөмбөгчдөөс мөрөө гаргасан анхны тоглогч бол Ш.Энхийн-Од. “Дэйтон флайерс” багийн тоглогч тэрбээр энэ жилийн NBA-ийн драфтад нэрээ анх удаа өгчээ. Ингэснээр шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад оролцохоор болсон байна. Спортын томоохон суваг ESPN-ий эх сурвалжаас уламжлан daytondailynews.com, hoopshype.com, fieldlevelmedia.com зэрэг сайтад энэ талаар мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийн төгсөлтийн дэлхийн шигшээд багтсан. Улмаар АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтоныих сургуулийн багийн хамгаалагч болсон юм. Түүнчлэн улирлын турш амжилттай тоглон “Атлантик-10” конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн билээ.
Түүнд NCAA-ийн шилжилт, наймааны цонхоор өөр их сургуулийн багт тоглох боломж байсан. Гэсэн ч мэргэжлийн замналаа эхлүүлэхийг илүүд үзсэн бололтой хэмээн хэвлэлүүдэд бичжээ. “NBA draft 2023” нь Нью-Йоркийн Брүүклинд ирэх зургадугаар сарын 22-нд болох юм. Сонирхуулахад, түүний гэр бүлийн баримтат киноны II бүлэг ирэх дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн долоо хоног бүрийн даваа гарагт “Premier sports network 1” сувгаар гарах гэнэ. Өмнөх бүлэгт нь гэрийнхэн нь түүнийг хэрхэн дэмжин, тэмцэж буй, мөн өвөө, аав, ач гурван үеэрээ сагсан бөмбөгийн шигшээ багтаа тоглож байгаа дурсамж, намтрыг харуулжээ. Энэ удаагийнх Дэйтоны их сургуулийн “Флайерс” багийнхны NCAA-ийн улирлын тоглолтоор “аялуулах” нь.