Иракийн газрын тосны салбар сэргэж эхэллээ. Саяхан тус улс “Royal Dutch shell”, “Mitsubishi” компаниудтай газрын тос боловсруулах үйлдвэр барих гэрээ байгуулав. 17 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах үг төсөл 25 жилийн “настай” байхаар тохирчээ. Энэ Иракийн хувьд хамгийн том үйлдвэр болох төдийгүй гаднын хөрөнгө оруулалттай анхны томоохон төсөл болж буйгаараа онцлог юм. Урьдчилсан тооцоогоор Иракийн Басра хотод гурван ч үйлдвэр барих төдийгүй өдөрт 700 сая куб газрын тос боловсруулж, хий үйлдвэрлэх аж.
Шинээр байгуулах “Басра газ” компанийн 51 хувийг Иракийн Засгийн газар эзэмших бөгөөд 44 хувь нь “Royal Dutch shell”, таван хувь нь “Mitsubishi”-гийн мэдэлд очих юм байна. Тус компани цаашдаа хий болон эрчим хүч экспортлох зорилго тавьжээ. Сонирхуулахад, Ирак улс 143.1 тэрбум баррель нефть, 126.7 их наяд куб хийн нөөцтэй юм.