Малын гоц халдварт шүлхий өвчин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсад газар авч, бараг бүх аймгийн нутагт тархаад байсан. Харин өдгөө уг өвчний тархалт намжжээ. Энэ оны тухайд бог малын мялзан өвчний тархалт их байгаа аж. Тодруулбал, уг өвчний улмаас Хөвсгөл, Булган, Архангай, Дундговь гэсэн дөрвөн аймгийн 11 сумд хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж буй юм байна. Вакцинжуулалт хийгээгүй газруудад уг өвчин бүртгэгдсэнийг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн. Тиймээс өвчний тархалтыг хумихын тулд эрсдэлтэй бүс нутгуудад дархлаажуулалт зохион байгуулах шаардлагатай гэнэ. Энэ өвчний эсрэг вакциныг манай улс дотооддоо үйлдвэрлэдэггүй. Тиймээс 20 сая мал дархлаажуулах хэмжээний вакциныг гадаадын орноос авахаар болсон бөгөөд эл ажил одоогоор гэрээ байгуулах шатанд байгааг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхан хэллээ. Тэрбээр “Манай улсад 2021 оноос хойш гоц халдварт шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин гарсан. Шүлхий, хонины цэцэг, үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон газар одоо байхгүй. Түүнчлэн эдгээр өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байгаа. Шүлхийн вакциныг ирэх сарын дундаас эхлэн нийт 15 сая малд хийхээр төлөвлөлөө. Хонины цэцэг өвчин энэ он гарснаас хойш гурван аймагт бүртгэгдсэн ч хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд тархалтыг намжаасан. Тиймээс хорио цээр тогтоосон газар одоо байхгүй. Эл өвчний эсрэг вакциныг дотоодод үйлдвэрлэдэг, нөөц байсан учраас дархлаажуулалтыг үргэлжлүүлж байна. Үхрийн арьс товруутах өвчний вакциныг Дорнод аймгийн бүх, Сүхбаатарын хоёр сумын айл өрхүүдийн малд хийж байгаа. Эдгээр нь уг өвчний эрсдэлтэй бүс юм” гэв.