Хөдөө аж ахуйн биржээс орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах гэж буй талаараа өчигдөр мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 27-ноос Хэнтий, Сүхбаатар, Дорнодод дуудлага худалдааг эхлүүлэх бөгөөд нэг аймагт дунджаар тавхоног, 2-3 удаагийн давтамжтай арилжааг зохион байгуулах гэнэ. “Англи дуудлага худалдаа” буюу нэг худалдагч, олон худалдан авагч гэсэн дүрмээр арилжааг явуулах бөгөөд худалдагч тал зарах барааны хэмжээ, төрөл ангилал, доод үнийн захиалгыг өгч, үнэ хаялцуулах зарчим баримтлах юм байна. Үнэ болон хугацаа гэсэн дарааллаар захиалгыг авч, төлбөр тооцоог гүйцэтгэхийг дээрх биржийн арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн менежер Р.Ариунбат дурдлаа. Дуудлага худалдааг ХААБ-ийн ноолуурын худалдааны журмын дагуу явуулах бөгөөд худалдан авагч нь арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн нэг сая төгрөгийн дэнчинг биржийн клирингийн дансанд байршуулж, баталгаажуулах ёстой аж. Арилжаанд сонирхсон бүх этгээд оролцож болох гэнэ.