“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Түүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай холбоотой үйлдэлд шалгаж буй юм. Энэ талаар уг хэргийг шалгах ажлын хэсгийнхэн болон прокурорын байгууллагынхнаас тодруулахад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж буй. З.Энхболдыг шалгах үндэслэл нь түүнтэй хамааралтай гэгддэг “Страто” ХХКтай холбоотой гэнэ. Тус компанийнхан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ эмзэг хөрстэй говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэмээн буруутгаж байгаа юм билээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан учраас З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Гэвч прокурорын байгууллага “нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний саналыг шийдэхгүй байгаа гэнэ. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа З.Энхболд 2019 онд улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томилуулах саналыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлж байсан юм. Тиймээс улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан томилуулсан хүнээ яллагдагчаар татуулахгүй байх магадлал өндөр гэх хардлага олон хүний дунд байна. “Страто” компанид давуу байдал олгуулахаар хандсан хүн нь уснаас хуурай гарч, гуйлтыг нь биелүүлсэн Б.Энх-Амгалангяллагдагчаар татчихаад буй нь хачирхалтайгэх хүмүүс ч бий. Тэрбээр яллагдагчаар татагдсантайгаа холбоотойгоор мэдэгдэл гаргаад буй билээ.