Египетийн төрийг 30 жил удирдсан Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсноос хойш тус улсад анх удаа Парламентын сонгууль болж байна. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг сонгох эл сонгууль гурван шаттай. Эхний шатны санал хураалт өчигдөр 08.00 цагт эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Хоёр, гуравдугаар шатны санал хураалт ирэх арванхоёрдугаар 14, 2012 оны нэгдүгээр сарын 3-д тус тус болох гэнэ. Эхний шатны санал хураалтын дүнд египетчүүд Парламентын доод танхимын 168 гишүүнийг сонгох юм.
Сонгуульд 50 гаруй нам, эвсэл, мянга гаруй бие даан нэр дэвшигч оролцож буй хэмээн “Al Jazeera” онцолжээ. Египетийн Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн мэдэгдсэнээр сонгуулийн нэгдсэн дүн нэгдүгээр сарын 11-ний дотор гарах юм байна. Гэтэл Каирын Тахририйн талбайд жагсаж буй хүмүүс өөрсдийн Засгийн газрыг байгуулна хэмээн мэдэгдээд байгаа билээ. Үүнээс гадна Синайн хойгоос Израиль, Иордан руу байгалийн хий дамжуулдаг хоолой дэлбэрсэн тухай AFP дамжуулав.
Тус улсын Парламентын шинэ бүрэлдэхүүнийг сонгох бүх нийтийн санал хураалт эхэлсэн өдөр Синайн хойг дахь ЭльАриш хотоос баруун зүгт орших хоолой хоёр удаа дэлбэрсэн хэмээн эх сурвалжид мэдээлжээ. Дэлбэрэлт болохын өмнөхөн тэнд багтай хүмүүс байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсноос хойш хэд хэдэн удаа ийм явдал болсон билээ.
Х.ОД